НИТХ-ын даргын 2014 оны 02-р сарын 14-ний өдрийн 05 тоот захирамжийн дагуу нийслэлийн Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хороонд нийт 14,696 өрхийг хамруулан хяналт үнэлгээний ажлыг зохион байгууллаа. Хяналт үнэлгээний ажлыг НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн нийт ажилтнууд МУИС, ШУТИС, МУБИС, УЗНАДС-ийн 140 оюутан оролцон хамтран зохион байгуулав.
Мониторингийн ажлын ерөнхий нөхцөл: Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар Шууд ардчилал-Иргэний оролцоонд тулгуурласан нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаа хөгжүүлэх үйл хэрэг өрнөөд даруй 3 жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд нилээд олон ажил ажил хэрэг болон хэрэгжиж байгааг бид мэднэ. 2011 оны 12-р сарын 23-ны өдөр УИХ-аар батлагдсан Төсвийн тухай Монгол улсын хуульийн дагуу нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сан хэмээх хөрөнгө оруулалтын сан шинээр зохион байгуулагдсан. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 3-ын 6 дахь заалтын дагуу дүүрэг, хороодын удирдлага нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг иргэдийнхээ оролцоонд тулгуурлан зохион байгуулах үүрэгтэй болж байгаа юм. 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр болон үйлчилж эхэлснээс хойш даруй 2 жил өнгөрөөд байгаа бөгөөд энэ хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэд оролцож чадаж байгаа эсэх, орон нутгийн удирдлага энэ ажлыг хэрхэн зохион байгуулж хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай болов.
No comments:
Post a Comment