Шүүх дангаараа шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг боллоо
Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Та бүхний
түмэн амгаланг айлтгая. Саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харахад
ард иргэдийн зүгээс хууль, шударга ёсыг бэхжүүлэхтэй холбоотой үйл
ажиллгааны талаар олон санал гарч байсан. Нөгөө талаар өнгөрсөн
хугацаанд бидний хамтарч хийсэн ажлыг манай ард иргэд бас тодорхой
хэмжээгээр үнэлж дэмжиж байгаа. Хамгийн гол нь цаашид үүн дээр ямар
нэгэн завсардал гаргахгүйгээр хууль, шүүхийн байгуулагын шинэчлэлийг
эрчимтэй үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн үүрэг даалгавар өглөө гэж ойлгож
байна. Ард түмний итгэл гэдэг бол нэг талаас их том, чухал зүйл. Нөгөө
талаас ерөөсөө л хариуцлага. Та бүхэн урьдын адилаар амжилттай сайн
ажиллаарай. Дээр нь илүү эрчимтэйажиллаарай. Хийж байгаа ажлаа үр дүнд
хүргээрэй гэсэн итгэл, хариуцлагыг ард иргэд өглөө гэж ойлгож байна.
Хууль зүйн
яамнаас судалж гаргаснаар хууль, шүүхийн байгууллагын өөрчлөлт, эрх
зүйн шинэтгэлийг хийхэд 42 хууль гаргах хэрэгтэй болоод байна. Түүнээс
шүүхтэй холбоотой зургаан хууль батлагдсан. Дахин зургаан хуулийг
УИХ-аар хэлэлцэж байна. Хаврын чуулган завсарлахаас өмнө тэр зургаан
хууль батлагдвал чухал алхам болно. Цаана нь 30-аад хууль үлдэж байна.
Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд, хүмүүс, иргэд, олон нийтийн
байгууллага эдгээр хуулийг боловсруулах ажилд их идэвхтэй оролцох
хэрэгтэй юм.
Өнгөрсөн
хугацаанд батлагдсан хуулиудад зарчмын шинжтэй орсон
өөрчлөлтүүдээс товчхон хэлэх нь зүйтэй байх. Хуучин манайд шүүхийн
удирдлага, шүүхийн захиргааны удирдлага хоёр хамт байсан. Үүнийг
салгасан. Шүүхийн ерөнхий зөвлөл тусдаа гарсан. Шүүхийн ерөнхий зөвлөл
санхүүгийнхээ асуудлыг шийдвэрлэдэг. Шүүгчээр ажиллуулах хүмүүс,
боловсон хүчнийхээ асуудлыг шийддэг. Шүүгчтэй холбоотой бүхий л асуудлыг
тусад нь шийдвэрлэдэг болсон. Шүүх дангаараа шүүн таслах ажиллагаагаа
хэрэгжүүлдэг болж байна. Энэ хуулийг дөрөвдүгээр сарын 15-наас
хэрэгжүүлээд явж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл тусдаа гараад
бүрэлдэхүүн нь батлагдсан. Энэ бол том, чухал өөрчлөлт юм.
Хоёр дахь
зарчмын шинжтэй том өөрчлөлт бол эрх зүйт нийгэмд хуулийг дээдэлдэг улс
орнуудад байдаг өөрчлөлтийг бидхийсэн. Тэр нь Хуульчдын холбоо юм. Шүүх,
хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд төрөөс оролцдог оролцоог
багасгаж, мэргэжлийн хүмүүсийн, тэр тусмаа өндөр ёс зүйтэй, өндөр
чадвартай хүмүүсийн хийдэг ажил болохыг үүнд тусгасан. Хуульчийн
мэргэжлээр төгссөн хүмүүс шалгалт өгчтэнцээд үнэмлэх авдаг. Тэндээсээ
прокурор, шүүгч, өмгөөлөгч болж гардаг. Тэдгээр хүмүүс хариуцлага
алдвал мэргэжлийн зөвшөөрөл нь хүчингүй болдог байдлаар зохицуулсан нь
үнэхээр хуулийн байгууллагыг бие даалгах, жинхэнэ мэргэжлийн ёс зүйтэй
байгууллага болгох чиглэл рүү хийсэн их том өөрчлөлт юм.
Шүүхийн шийдвэр ил тод болж байна
Гурав дахь
чиглэл бол шүүхийн шийдвэр ил тод болж байна. Энэ ажлыг гурван жилийн
өмнөөс эхлүүлсэн. Шүүхийн гаргаж байгаа шийдвэрүүд хуулиар тогтоосон
нууцлалгүй бол ил тод болж байгаа. Энэ нь эргээд хариуцлагыг бий болгож
байна. Шүүгчийн шийдвэр ил болно. Тэнд оролцож байгаа прокурор,
өмгөөлөгч, ял сонсч, яллаж байгаа бүх талуудын үндэслэл бичигддэг, ил
тод гардаг болоод ирэхээртэнд оролцдог бүх хүн хариуцлагатай болно.
Үүгээрээ энэ өөрчлөлт их чухал болсон.
Шүүхийн
төсөвтэй холбоотой асуудал байдаг. Аливаа зүйл дээр нөлөөнд орчих гээд
байдаг, төрийн хамаарал нь нэмэгдэх гээд байдаг зүйл бол төсөвтэй
холбоотой үйл ажиллагаа байдаг. Түүнийг тусад нь хуулиар хуульчилж
шүүхийн төсөв шууд УИХ-д өргөн баригддаг болсон. Өмнө нь шүүхийн төсөв
Сангийн яамаар хянагддаг, хасагддаг, танагддаг байсан. Энэ байдал зогсч
шууд УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгддэг боллоо. Дээрээс нь өмнөх
жилийнхээ төсвөөс буурахгүй гэсэн бас нэг зарчмыг ерөнхийд нь тогтоож
өгсөн.
Иргэдтэй
холбоотой, иргэдийн иргэний эрхтэй холбоотой, шүүхийг иргэнд үйлчилдэг
болгох чиглэлд хийсэн том өөрчлөлт бол Эвлэрүүлэн зуучлах тухай хууль
юм. Өнөөдрийн эрүүгийн болон захиргааны гээд янз бүрийн төрлийн гэмт
хэргийг харахад бараг 30-40 хувь нь маргалдагч талууд, хохирсон,
хохироосон талууд Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн дагуу асуудлаа шийдэх
боломжтой байгаа юм. Ингэх юм бол нэг нь хорих ялаар шийтгүүлдэг, нөгөө
нь хохирлоо төлүүлж чадалгүй үлддэг байдал арилна. Аль аль тал нь
учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөөд хохирсон тал нь төлүүлдэг, нөгөө
талаа заавал хорих ялаар шийтгүүлдэггүй болж байгаа юм. Тэгвэл хоригдох
хүний тоо буурч, нөгөө талаас иргэдтэй холбоотой асуудлыг зөвөөр шийддэг
механизм орж ирж байна.
Шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгч таслах эрхтэй оролцдог болов
Иргэдийн
төлөөлөлтэй холбоотой асуудал байна. Зарим оронд одоо хүртэл маргаж
байгаа энэ асуудлыг бид нар ярилцаж байгаад зориглож оруулсан. Анхан
шатны журмаар шүүх шийдвэр гаргахад иргэдийн төлөөлөгч таслах эрхтэй
оролцдог болж байна. Ийм таслах эрх өгсөн нь их том шийдвэр болсон
гэдгийг хэлэх хэрэгтэй. Ингэснээр иргэдийн төлөөлөгч гэдэг бол шүүх
хурлын гадна юм уу, дотор зүгээр хараад сууж байдаг биш, шууд дотроос нь
хяналт тавих боломжтой, шүүгчтэй адилхан шийдвэр гаргаж, шүүхийн
шийдвэрийг илүү иргэнлэг, илүү хуулийн төвшинд гаргах ийм боломж
бүрдүүлэх механизм байгаа юм. Үүнийг цаашдаа боловсронгуй болгох алхмууд
хийнэ.
Дараагийн
нэг чухал өөрчлөлт бол улс төр, төрөөс хамаарах хамаарал, мөнгөнөөс
хамаарах хамаарал, аливаа шийдвэр гаргах хүчин зүйлд нөлөөллийн мэдүүлэг
гаргадаг болсон. Энэ асуудал цаашдаа прокурор, бүх хуулийн байгууллагад
шилжих байх.
Шүүгч шүүх
хурал хийхэд нөлөөллийн мэдүүлэг гаргадаг боллоо. “Ийм хүн утасдлаа.
Ийм юм санал болголоо. Энэ хэргийг ингэж шийд гэж надад нөлөөлөх гэж
оролдлоо гэж мэдүүлэг гаргадаг болж байна. Хэрэв нөлөөллийн мэдүүлэг нь
батлагдах юм бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээдэг, нөлөөлөх
гэж оролдсон этгээд хариуцлага хүлээдэг, албан тушаалтан бол албан
тушаалаасаа огцордог. Нөлөөлөх гэж оролдсон этгээд төрийн албан
тушаалтан биш бол өөр байдлаар хариуцлага хүлээдэг иймэрхүү асуудлуудыг
маш тодорхой оруулж өгсөн байгаа. Мөн шүүх, хууль, хяналтын
байгууллагуудын ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлд олон
ажил хийж байна.
Шүүгч, цагдаа, прокурор буруу шийдвэр гаргасан бол хариуцлагаа хүлээдэг болж байна
Цаашдаа
бид юу хийх хэрэгтэй вэ. Бид хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ороод
ажиллаж эхэллээ. Иргэндээ үйлчилдэг тэр үндсэн үзэл баримтлалыг бид бүх
хуулиндаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага гэдэг бол
төрийн эрх мэдэлд биш, иргэний эрхийг хамгаалахад үйлчилдэг чиглэлийг
бид хатуу барьж явъя гэж байгаа. Асуудлыг төр рүү заагаад хаячихдаг. Төр
хариуцлага хүлээнэ гэдэг. Тэнд албан тушаалтан огт заагдаагүй байдаг.
Одоо бол албан тушаалтныг шууд заадаг болж байгаа. Шүүгч буруу шийдвэр
гаргасан байх юм бол өөрөө хариуцлага хүлээдэг. Цагдаа буруу шийдвэр
гаргаад хүн хорьдог юм уу, шүүх, прокурор буруу шийдвэр гаргасан, тэр нь
хуулиар нотлогдох юм бол заавал хариуцлага хүлээдэг байх нь чухал. Энэ
хариуцлагын тухай асуудал өмнө нь огт байгаагүй. Ийм чухал зарчим цаашид
бүх хуульд орж байгаа.
Аливаа
хэргийн нууцлал гээд мэдээлэл задруулдаггүй байсныг хэвлэл мэдээллийнхэн
мэднэ. Тэгвэл өнөөдөр аливаа иргэн хэрэгт холбогдвол тэр өдрөөс хойш
хэргийнхээ талаарх бүх мэдээллийг мэддэг болж байгаа. Хариуцлагыг маш
тодорхой болгож байгаа юм. Иргэдийг алагчилж ялгалгүй хуулийн
зохицуулалтыг хийж байгаа. Энэ зарчим бол маш чухал.
Хоёр дахь
зарчим бас чухал. Аливаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон этгээд
олон жилийн ял авдаг. Гэтэл түүний учруулсан хохирлыг хэн ч
барагдуулдаггүй. Тэгэхээр энэ хохирлыг барагдуулах зарчмыг их сайн
оруулж өгөх нь чухал. Учруулсан эдийн засгийн хохирлыг заавал төлдөг,
төлсний хэрээр тухайн гэмт этгээдийн ялыг хөнгөлж байхаар зохицуулж
өгдөг байя.
Гурав дахь
чухал зарчим цаашид үйлчлэхээр болж байна. Нийтийн өмч хөрөнгийн төлөө
нэхэмжлэл гаргадаг зарчим Монголд байгаагүй. Нөгөө талаас хүний эрхийн
төлөө нэхэмжлэл гаргах эрх иргэнд нээлттэй байгаагүй. Энэ эрхийг
нээлттэй болгож өгч байгаа. Байгаль орчны, олон нийтийн зам талбайтай
холбоотой хохирлууд байна. Олон нийтийн зам талбайн асуудлыг хотын
удирдлага буруу шийдсэн байвал энэ асуудлыг мэдсэн иргэн шүүхэд
нэхэмжлэл гаргах эрхтэй болж байгаа. Иргэний эрхийг зөрчиж, хүүхдээ
зодсон, эхнэрээ дарамталсан хүнийг харсан хөрш айлынх нь хүн шүүхэд
нэхэмжлэл гаргах эрхтэй болж байгаа. Энэ бол үнэхээр том өөрчлөлт.
Аливаа хэргийг зөвхөн анхан шатны шүүхээр шийдвэрлэдэг болгож байна
Дөрөв дэх
чухал асуудал. Манай шүүхэд хэрэг очоод янз бүрийн нөлөөллөөс болж маш
олон удаа буцдаг. Одоо шүүхэд хэрэг очсон л бол нэг бол шийдэгддэг,
эсвэл цагаатгадаг болгоё. Аливаа хэргийг заавал олон шатны шүүхээр
дамжуулахгүй зөвхөн анхан шатны шүүхээр шийдвэрлэдэг болгож байна. Энэ
нь мөрдөн шалгах түвшний байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлж байгаа.
Энэ түвшинд асуудал үүсвэл тухайн байгуулагуудын албан тушаалтнуудад
хариуцлага тооцдог болж байна. Үүнийг бид удаа дараа хэлэлцсэний үндсэн
дээр оруулж байгаа.
Бид гурван
жилийн өмнө шүүх шударга ёсны талаар зөвлөлгөөн хийж байхад энэ зарчим
манай хуульчид, олон нийтийн байгууллагуудын зүгээс дэмжлэг авч байсан.
Тэгэхээр энэ зарчмыг бид хуульд оруулж, хатуу мөрдөе гэсэн үзэл
баримтлалтай байгаа. Би хувьдаа энэ асуудлыг тууштай дэмжиж байна.
Манай
Эрүүгийн хуулийн дагуу зөвхөн иргэн хариуцлага хүлээдэг байсан. Харин
одоо хуулийн этгээдийг хариуцлагад татдаг болж байгаа. Ингэснээр
байгууллага, аж ахуйн нэгж хуулийн хариуцлага хүлээх субьект болж байна.
Өөр нэг
ярилцаж байгаа зүйл бол мөрдөх албаа бие даалгая гэж байгаа. Энэ албыг
бие даан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрэн хангаж өгье гэж бид
ярилцсан.
Төгсгөлд
нь авлигалтай холбоотой хэдэн зүйлийг хэлье. Авлига хээл хахуультай
холбоотой нэг том өөрчлөлт удахгүй Монгол Улсад өрнөнө. Би саяхан
Засгийн газарт чиглэл өгсөн, Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Энэ бол
“шилэн дансны” тогтолцоо юм. Энэ өөрчлөлтийн дагуу төсвийн
байгууллагуудын дансны бүх гүйлгээ олон нийтэд ил болж байгаа. Өдөрт
хэдэн төгрөгийн орлого оруулсан, хэдэн төгрөг зарцуулснаа төсвийн
байгууллага өдөр бүр, долоо хоног тутам мэдээлэх үүрэгтэй болсон. Энэ
ажлыг Улаанбаатар хотын захиргаа эхэлж хэрэгжүүлээд явж байна.
Улаанбаатарт эхэлсэн энэ өөрчлөлт бүх аймаг, сумдад үргэлжилнэ.
Ард иргэд
төсвийн байгуулагуудын мөнгө хөрөнгийн гүйлгээг сонирхдог. Удахгүй энэ
гүйлгээ олон нийтэд нээлттэй болно. Энэ өөрчлөлт шинэчлэлтэд манай
хуулийн байгууллагын төлөөлөл идэвхтэй оролцоно. Дээрээс нь төрийн
өмчийн аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамрагдаж байгаа. Нэгэнт хуульд нийцсэн
зарлиг хууль мэт үйлчилдэг. Цаашид нарийвчилсан зүйлүүдийг хууль
эрхзүйн байдлаар зохицуулах хэрэгтэй. Ашиг сонирхлын, Авлигын, Эрүүгийн
тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Төсвийн байгууллагуудын дансны гүйлгээ
олон нийтэд хүртээмжтэй, ил тод болбол авлига гэх мэт асуудлууд цаашид
цэгцлэгдэх болно.
Энэ
өөрчлөлтийг ажил болгохын төлөө би ирэх жилүүдэд би маш санаачилгатай
зүтгэж ажиллах болно. Энэ ажлыг төрийн байгууллагуудын хэвшил болгоно.
Үүнийг хийж чадсан улс орон авлига, шударга ёсныхоо түвшингээр дэлхийд
үлгэр жишээ үзүүлэх хэмжээнд хүрдэг.
Авлига өгснийг бус авсныг нь шийтгэдэг болно
Бид ард
иргэдтэйгээ хэлэлцсэний дүнд энэ өөрчлөлтийг хийж байна. Энэ бол авлига
өгсөн хүнийг шийтгэхгүй байх тухай зарчим. Аливаа хүн сайн дураараа
авлига өгнө гэж байхгүй. Тэгэхээр зөвхөн авлига авсан албан тушаалтан
хариуцлага хүлээнэ гэсэн үг. Би цаашид авлига хээл хахуултай тэмцэх
ажлын хүрээнд үндэсний хөтөлбөрөө шинэчлэх хэрэгтэй болж байгаа. Үүнийг
дагаад байгууллага, Авлигын тухай хуулиудад зарчмын шинжтэй тулгамдсан
өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй байна.
Нийгмийн
үйл ажиллагааг шударга болгоход зөвхөн шүүх хууль хяналтын байгууллага
үүрэг хүлээх ёсгүй. Энэ байгууллага мэдээж голлох үүргийг хүлээх нь
гарцаагүй. Гэхдээ бусад байгууллагууд, тухайлбал улс төрийн намууд
байна. Улс төрийн нам, түүний санхүүжилт, улс төрийн сангуудын тухай
хууль гэсэн гурван бие даасан хууль ихэнх ардчилал хөгжсөн орнуудад
байдаг.
Энэ
чиглэлээр судалгаа хийж байгаа. Энэ асуудлыг оруулж улс төрийн нам,
талцал, янз бүрийн зүйл тойрсон асуудлыг яг ардчилалд хүрсэн улс орны
жишгийн хэмжээнд шийдүүлэх ёстой. Төрийн алба тойрсон, ёс зүйтэй
холбоотой олон хуулийг шинэчилж байж хариуцлага, шударга ёсны тогтолцоо
Монголд бий болох шаардлагатай. Орон нутгийн эрх, иргэдийн оролцоо гээд
хэлэх юм бол маш олон бүрэлдэхүүн хэсгээс миний хэлж байгаа асуудлууд
шийдэгдэх юм. Тэгэхээр энэ бол их өргөн хүрээтэйасуудал шүү.
Бид
сонгууль боллоо, сонгуулийн дүн гарлаа гээд амрах, хойш суух эрх
байхгүй. Одоо бид илүү эрчтэй, илүү хурдтай, хийх гэж байгаа ажилдаа
иргэдийнхээ нийтлэг эрх ашигт нийцүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг дахиж
сануулж байгаа юм. Энэ үйл ажиллагааг энэ зун үргэлжлүүлэх хэрэгтэй.
УИХ-ын намрын чуулган гэхэд хаврын чуулганаар шийдвэрлэлгүй үлдээсэн
асуудлыг бэлдсэн байх ёстой. Намрын чуулганаар оруулаж амжаагүйг
дараагийн хаврын чуулганд оруулах хэрэгтэй.
Ирэх
нэгээс хоёр жилийн дотор эрх зүй, зохион байгуулалтын хувьд хууль,
хяналтын байгууллагыг тойрсон асуудлыг бүрэн шийдээд ажилд нь оруулах их
ажил бидний өмнө хүлээгдэж байна. Шүүхийн шинэтгэл, шударга ёс тогтоох
ажлын 20 хувийг өнгөрсөн дөрвөн жилд бид хийсэн байна. Энэ 20 хувь дотор
нэгдмэл ойлголцолд хүрэх, нийгэмд шинэ үзэл санаа бий болгохажил чухал
байсан. Одоо цаашаа 80 хувийг хүлээн авах нийгмийн уур амьсгал бүрдсэн
байна гэж харж байгаа. Монгол Улс олон улсын хэмжээнд хууль нь хэрэгждэг
жинхэнэ хуулийн засаглалтай улс болжээ гэж үнэлэгдэхүйц хэмжээний ажил
хийх нь биднээс шалтгаалж байна. Энд манай хууль, хяналтын байгууллагын
удирдлагууд онцгой анхаарч оролцоорой” гэлээ.
Шүүх
мөнгөний нөлөөг хуулийн засаглалаас дээгүүрт тавьсан нь батлагдах юм
бол Ерөнхийлөгчийн зүгээс хариуцлага тооцох бүхий л арга хэмжээгээ авна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд хэлсэн товч үгэндээ
“Авлигатай
тэмцэх үйл ажиллагаанд алагчилж хандаж байна гэсэн шүүмжлэл өмнө нь
гардаг байсан. АТГ-аас түүнд өгсөн тайлбараас харвал мөнгөний талаар
шийдвэр гаргадаг албан тушаал, авлигын субъект болж мэдэх хүмүүсийн 94
хувийг өмнө нь нэг намын буюу МАН-ынхан эзэлж байсан байна. Зургаан хувь
нь өөр талын хүмүүс байжээ. Одоо бол ард түмнээс хүлээлгэж байгаа
итгэлээр энэ байдал нэлээд өөрчлөгдөж байна. Өмнө нь 94 хувь нь улаан,
зургаан хувь нь өөр янз бүрийн өнгөтэй байсан бол одоо энэ өнгө
өөрчлөгдсөн. Өнгөөр алагчилдаг ийм зүйл байх ёсгүй. Бүх байгууллага яг
хуулийнхаа дагуу асуудлаа шийддэг байх ёстой. Тэнд ямар албан тушаалтан,
ямар нам, ямар улс төр байх нь хамаагүй шүү гэдгийг маш тодорхой хэлье.
Хуулийн
байгууллагын үйл ажиллагаанд мөнгөний хүчин зүйл нөлөөтэй байгаа
талаарх мэдээлэл янз бүрийн эх сурвалжаас сонсогдож байгаа. Тийм учраас
энэ хүчин зүйлийг алга болгоорой. Миний хувьд албан тушаалын чиглэлийн
хүчин зүйлийг алга болгоход онцгой анхаарч ажиллана. Мөнгөний хүчин зүйл
хуулиас давах ёсгүй шүү гэдгийг дахин анхааруулж хэлье.
Хэрэв ийм
асуудал гарах юм бол, энэ нь хуулийн байгууллагаар
нотлогдвол Ерөнхийлөгчийн зүгээс оролцож томилогддог янз бүрийн албан
тушаал дээр ямар нэг өршөөл, ямар нэгэн асуудал байхгүй шүү. Үүнийг бүр
хатуу хэлье. Албан тушаал, мөнгөний засаглал биш, цаашдаа хуулийн
засаглал чухал болж байгаа юм.
Улс төрийн
төвшинд хуулийн засаглал руу шилжих хүсэл зориг, хууль зүйн орчин
бүрдсэн. Одоо хуулийн байгууллага дотор хуулийн засаглалыг бэхжүүлэх
асуудал хоёр дахь шатанд хэрэгжих нь ээ.
No comments:
Post a Comment