Thursday, January 7, 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн шагналын тухай хуулийн төслөөр сэтгүүлчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэв

Төрийн шагналтай холбоотой харилцааг өнөөг хүртэл Төрийн тэргүүний  зарлигаар зохицуулж ирсэн бөгөөд энэ асуудлыг хуульчлах шаардлагатай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, А.Баттөр, НИТХ-ын Ажлын албаны зохион байгуулагч Н Болормаа, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, сурвалжлагчид оролцлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье. Шинэ он эхлээд хэвлэлийнхэнтэйгээ уулзаж байгаад баяртай байна. Төрийн шагналын тухай шинэ хуулийн төслийн талаар ярихаас өмнө хэдэн үг хэлье гэж бодсон юм.
Төрийн албыг хариуцлагатай болгох, Монголын төрийг хариуцлагатай болгох чиглэлээр санаачилсан зарим хууль батлагдсан. Зарим нь энэ оноос эхлэн хэрэгжиж байгаа. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэг үг хэлж байсан. “Өөрийн чинь санаачилсан 6 хууль бол ач холбогдлын хувьд 1990 оноос ч дутуугүй хуулиуд шүү. Эдгээрийг батлуулж чадах юм бол үнэхээр Монголын төр, Монголын ард түмэнд хэрэгтэй юм” гэсэн. Тэр 6 хуулиас 3 нь батлагдсан. Шилэн дансны тухай хууль байна. Цаашаа сайжруулаад өөрчлөөд явах зүйл байгаа. Бид судалгаа хийж, хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа.
Захиргааны ерөнхий хууль гэж байна. Төрийн захиргаа хуучин хуультай, тэр нь өнөөдөртэй нийцэхгүй байсан. Одоо шүүхтэй болсон, хариуцлагатай болж байгаа. Захиргааны ажилтнуудын хариуцлагын тогтолцоог оруулж өгсөн их сайн хууль болсон.
Дөнгөж энэ он гараад хэрэгжиж эхэлж байгаа Нийтийн сонсголын тухай хууль байна. Иргэд шийдвэр гаргах гэж байгаа хүмүүсээсээ асуудаг. Төсөв, томилгоо, байгаль орчин, орон нутаг гээд зохицуулалтуудыг маш сайн хийж өгсөн.
Одоо дахиад 3 хууль батлагдалгүй үлдээд байна. Түүнийг амин сүнс болсон 3 хууль гэж хараад байгаа. Төрийн албаны хууль байна. Энэ бол олон жил ярьсан, маш том хууль. Хэлэлцэх шаардлагатай хууль. Ажлын хэсэг гараад хэлэлцүүлгүүд хийгээд явж байна. Энэ хуулийг баталж Монголын төрийн албыг хариуцлагатай, шударга, сайн, мэргэжлийн болгохгүй бол болохгүй байгаа юм. Төрийн алба муу байна. Төрийн байгууллага хийх ёстой ажлаа хийж чадахгүй, гүйцэтгэх үүргээ зохих хэмжээнд гүйцэтгэж чадахгүй байна гэдэг бол аюулгүй байдлын ч асуудал шүү дээ. Энэ чухал хууль хэлэлцүүлгээ хүлээгээд байж байгаа.
Улс төрийн намын тухай хууль байна. Намын байгууллагууд, янз бүрийн хүмүүсээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, нам гэдэг зүйлийг зөв болгоё, хариуцлагатай болгоё. Ялангуяа эрх барьж, сонгогдсон байх үедээ төрийг балладаг байдлыг багасгая, зогсооё. Намыг номд оруулъя гэсэн чиглэлтэй, 25 жил явсан сургамжаа оруулж боловсруулсан хууль. Үүнийг УИХ-ын энэ чуулганаар хэлэлцээсэй гэж бодож байна.
Эрх барьж байгаа хүмүүс бараг нэрийг нь хэлэхээс зугтаад байгаа нэг гол хууль бол Сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төсөл юм. Энэ хуулийн бараг нэрийг хэлэхээсээ зайлсхийгээд байгаа. Төр хариуцлагагүй байх юм бол, ялангуяа дээрээ хариуцлагагүй байх юм бол төрд хулгай, худал хоёр нүүрлэдэг. Хэрэв төрд хариуцлага байхгүй бол ямар ардчилсан, шударга төр ч гэсэн  энэ нь шошго л болж хувирна. Үүнийг дээрээсээ эхэлж хийе. Дарга нартай хариуцлага тооцдог болъё гэж оруулсан хууль. 2015 оны нэгдүгээр сард би өргөн барьсан. Одоо 2016 оны нэгдүгээр сар шүү дээ. Салхи оруулахгүй бүтэн жил боллоо. Хариуцлагатай, шударга болно гэдгийг сонгуулиар ярьдаг үг төдий болгоод ажил хийхгүй байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдтэйгээ хамтраад зүтгэхгүй бол, манай хэвлэлийнхэн үүний талд ажиллахгүй бол үнэхээр энэ төр хариуцлагатай болохгүй. Үүн дээр хамтарч ажиллая. Ийм чин санаа байна.
Машин жолоодож яваа жолооч дээр 10 онооны систем үйлчилдэг хууль гаргаад сууж байна. Төр жолоодоход, улс орныг жолоодоход оролцож байгаа нөхөд дээр тэгвэл хариуцлагын онооны тогтолцоо яагаад бий болгож болдоггүй юм бэ. Хариуцлага гэдэг бол зөвхөн жолоочтой ярьдаг зүйл биш. Иргэнтэй ярьдаг, албан тушаалтантай ярьдаг зүйл шүү дээ. Хамгийн түрүүнд албан тушаалтантай ярьдаг зүйл. Тэнд эрхийн тухай асуудал байхгүй, үүргийн тухай асуудал байгаа. Ийм хуульгүй сууж байж бид шударга ёс, хууль ярина, дараагийн сонгуулийн үйл ажиллагаа ярина гэдэг бол утга учраа алдаж байгаа юм. Үүнийг зогсоомоор байгаа юм. Энэ хуулийг батлах хэрэгтэй. Би УИХ-аас үнэхээр хүсч байгаа. Энэ оруулсан хуулиудыг төслөөр нь, үзэл баримтлалыг нь өөрчлөхгүйгээр батлаад л өг. Хэрэв асуудал гарвал санаачилсан хүний хувьд би хариуцлагыг нь хүлээе. Хэрэв дутагдал байсан ч батлаад l өг. Амьдрал баян юм чинь нэмэлт, өөрчлөлт хийгээд сайжруулаад цаашаа явж чадна. Би дараагийн үеийнхэндээ итгэж байгаа. Хамгийн гол нь бид галыг нь асаагаад өгөх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, Монгол хариуцлагын хуультай л болох ёстой. Түүнийг дараа дараагийн үе сайжруулаад явж чадна гэдэгт би итгэлтэй байна. Тийм хүмүүс гарч ирнэ. Тийм зүйл шаарддаг иргэдийн сэтгэхүй бий болно. Түүнд итгэж байна.
Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулъя. Төрийн шагнал Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулагдаж явдаг. Ихэнх хүмүүс, ард иргэд Төрийн шагналын хуультай гэж боддог байх. Монголын төрт ёсны түүхэнд Төрийн шагналтай холбоотой асуудлыг цогцоор нь хуулиар зохицуулахаар гаргаж байгаа анхны санаачилга гэж үүнийг хэлж болно. Өмнө нь ажиллаж байсан Ерөнхийлөгч нар Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Монголын төрт ёсны түүхэнд өмнө байсан бүх зүйлээ оруулаад л хууль санаачлаад явж байна.  
Гол зорилго нь Үндсэн хуульдаа нийцүүлье гэж байгаа. Хүмүүст өгч байгаа одон тэмдгэн дээрх төрийн сүлд хүртэл хуучнаараа байгаа. Үндсэн хуульдаа нийцүүлье гэдэг бол хуульд нийцүүлнэ гэсэн үг. Төрт ёсныхоо уламжлалд нийцүүлнэ гэсэн үг. Өнөөдрийн амьдарч байгаа нийгмийнхээ зорилгод нийцүүлнэ гэсэн үг.
Хоёр дахь гол зорилго бол энэ харилцааг хуулиар зохицуулдаг болъё. Хүн бүхний хамгийн сайн мэддэг сэдэв мэт боловч хуулиар зохицуулаагүй харилцаа байгаа юм. Тавьж байгаа хэдэн зорилго бий. Нэгдүгээрт, төрт ёсны уламжлал, залгамж чанарыг Төрийн шагналын тухай хуульд хадгалъя гэж оруулж байна. Хоёрдугаарт, үндэсний онцлогийг тусгая. Төрийн шагналын эрэмбэ, шалгуур, төрлийг зохистой болгоё. Гуравт, шагнал тойрсон харилцаа, сургамжийг тусгая. Шагналын үнэ цэнийг нэмэгдүүлье.
Энэ танилцуулга дээр Төрийн шагналын эрэмбэ, бүтээл, бүтээн байгуулалтад олгодог шагнал, төрийн байгуууллагуудаас олгож болгох шагналын чиглэл, нэрийг заасан байна. Энд зохицуулах харилцаанууд бий. Наад зах нь шагналыг хэн гардуулах вэ гэдгийг заасан. Дурын нэг УИХ-ын гишүүн, янз бүрийн хүн гардуулаад явж байдаг. Тэгвэл үүнийг маш тодорхой зааж, цаг хугацаатай болгож өгөх ёстой юм. Шагналыг хаанаа зүүхийг заасан. Өөрийн улсын одонг зүүн, зүрхэн талдаа, гаднын улсын одон, медалийг баруун талдаа зүүнэ гэх мэтээр заасан. Иймэрхүү хуулиар зохицуулж байгаагүй, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн журам, зарлигаар зохицуулаад явж байсан зүйлүүд бий. Шагналаа яаж хадгалах, хамгаалах, бусад зүйлтэй холбоотой асуудлуудыг ч оруулсан. “Төрийн шагналаас татгалзаж байна. Би шагнал авна, авахгүй” гэх мэт янз бүрийн харилцаа гардаг. Үүнийг яах ёстой юм бэ гэдгийг оруулсан.
Монгол Улсын баатар цол гэж 1945 оны 10 дугаар сарын 17-нд баталсан цолыг бид олгож байсан. Энэ цолны тэмдэг ямар байх вэ. Энэ шагналыг ямар хүнд олгох вэ. Өнгө, үзэмж, нэр хүнд зэргийг түүнд тусгахыг оролдсон. Шагналын нэр хүндийг өсгөх нэг арга бол хугацаа, тоо зааж өгөх нь зөв юм. Монгол Улсын баатар цолыг 5 жил хүртэлх хугацаанд нэг хүнд л олгодог байя. Хөдөлмөрийн баатар цолыг үүнд нэгтгэе.
Улсын эрдэнэ гэж цол гаргаж байгаа. Соёлын өвийн тухай хууль гэж бий. Монголын соёл, уламжлалын биет бус өв болох хөгжим, бүжиг, дуу, хуур гэх зэрэг хэдэн зуун төрлийн өв байдаг.  Үүнийг өөрөө бүрэн эзэмшсэн, шавь сургалт эрхлээд явж байгаа, Монголын уламжлал соёлыг түгээж байгаа хүнийг  Улсын эрдэнээр өргөмжилье . Энэ шагналыг 3 жилд нэг хүртэл хүнд олгоё гэж байгаа. Шалгуур асар өндөр болно. Засгийн газраас тодорхойлолтыг оруулж ирдэг болгохоор хуульд тусгаж байгаа. Ингэж байж шагналын нэр хүнд асар өндөр болно. Монголын өв соёл уламжлагдана. Үнэхээр эрдэнэ болсон онцгой иргэндээ бид энэ шагналыг олгодог байж болно.
Чингис хааны одонг одоо олгож байгаа. Сайжруулаад байгаа сүүлийн хувилбарын төслийг та бүхэнд танилцуулж байна. Аливаа шагнал олгосон, олгож байгаа хүндээ ч асар их нэр хүндтэй, эрхэм дээд зүйл байх ёстой. Монголын ард түмний нэрийн өмнөөс олгож байгаа шагнал шүү дээ. Хугацаатай, тоотой хэрэгжүүлээд явж байгаа шагнал бол Чингис хааны одон юм. Жилд нэг удаа, Монгол бахархлын өдрөөр нэг хүртэл хүнд олгохоор Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоолоор шийддэг одон. Энэ уламжлалаа бид авсан.
Гавьяат зүтгэлтэн цол байна. Монголд маш олон төрлийн гавьяатуудыг янз бүрийн шийдвэрээр бий болгосон байдаг. Зарим хүн Төрийн гавьяат ажилтан цол хүртэл санаачлаад явж байсан. Энэ олон гавьяатуудыг нийлүүлье. Тэгээд Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн гэсэн нэг л цолтой байя. Үүнийг жилдээ 50 хүртэл хүнд олгоё. Одоо бол заримдаа нэг удаагийн шагналын үеэр 50 орчим хүнд олгодог. Жилдээ 50 хүртэл хүнд олгодог болчихвол энэ цолны шалгуур аяндаа асар өндөр болж ирнэ. Хүмүүс ч харж байх боломжтой болно. Гавьяат зүтгэлтэн гэдгийн цаана нэг утга агуулагдаад байгаа юм. Үнэхээр олон жил тууштай явсан, зүтгэсэн хүмүүст олгодог, маш нэр хүндтэй цол болгох нь зөв юм. Бид олимп, дэлхийд амжилт гаргасан 20 хэдэн настай тамирчдад гавьяат тамирчин, багш нарт нь гавьяат дасгалжуулагч цол өгдөг. Тэгвэл тамирчдад олимп, дэлхийгээс медаль аваад ирэхэд нь сар бүр мөнгөн урамшуулал өгч байгаа шүү дээ. Гавьяат өгөхөөс гадна өөр тийм боломжууд зөндөө байгаа.
Эрдэнийн очир одон. Уламжлал, төрт ёсны түүх гээд ярих юм бол Эрдэнийн очир одон нь бидний өвөг дээдэс эрх чөлөө, тусгаар тогтнолоо  сэргээн мандуулаад анх гаргасан, олон зэрэглэлтэй байсан, гадаадын голдуу хүмүүсийг шагнаж байсан одон юм. Энэ одонг жилдээ 100 хүртэл хүнд олгодог байхаар харж байгаа. Монгол Улсын төлөө онцгой гавьяа байгуулсан гадаад, дотоодын хүмүүст олгодог байхаар бодож байгаа.
Хуучны одонгуудаас хадгалж байгаа одон бол Алтангадас. 1945 онд бий болгож, 1970 онд шинэчилсэн. Тухай, тухайн үеийнхээ сүлдтэй байсан. Одоо Үндсэн хуульдаа нийцсэн сүлд, загвартай болж байгаа. Хамгийн их олгогддог одон бол Алтангадас юм. Жилдээ 1000 хүртэл хүнд олгохоор тусгасан. Ингэж одон дээр хатуу шалгуур, тоо тавихаар болж байна.
Ажил, мэргэжлийн хувьд Цэргийн гавьяаны одон байна. Хуучин сүлдтэй байсан, одоо соёмботойгоор энэ одонг гаргая гэж байгаа. Цэргийн алба, тусгай чиг үүрэгтэй ажилладаг хүмүүст олгодог одон юм. Жилд 500 хүртэл хүнд гэсэн тоо зааж өгсөн.
Эхийн алдар одон шинэчилсэн хувилбартай болж байгаа. Нөхцөл, шаардлагыг бүгдээрээ мэддэг учраас тайлбарлах шаардлагагүй.
Одоо олгож байгаа медалиудаас Хөдөлмөрийн хүндэт медалийг үлдээсэн.  Ажил хөдөлмөртөө амжилт гаргасан иргэдээ урамшуулж байхад медаль бас хэрэгтэй гэж үзсэн. Энд ямар нэг тоо хязгаар тавиагүй. Тодорхой шагналын журмаар зохицуулаад явах боломжтой.
Цэргийн албан хаагчдын хувьд хүндэлж хэрэглэдэг, зүүдэг Цэргийн хүндэт медаль гэж бий. 1945 оноос олгож эхэлсэн. Бид сонгохдоо хуучин уламжлалаа хадгалсан хувилбарыг сонгож авсан. Цэргийнхэн “Цагаан морьтоо авна” гэж ярьдаг, ийм хүндэтгэлтэй медаль байдаг юм.
Шударга журам медаль. Одоо олгож байгаа Шударга журам медаль 1967 оны хийцтэй явж байгаа. Одоо уламжлалаа хадгалсан шинэ хэлбэртэй болж байна.
Найрамдал медалийг гадаадын улс орны иргэдэд олгодог. 1967 оны зарлигаар бий болгож, олгож байсан хэлбэрээрээ явж ирсэн. Одоо шинэчилж байна.
Энхийн төлөө медаль. Сүүлд бий болгосон медаль. УИХ-ын тогтоолоор олгож байсан. Одоо бол уламжлал, ёс заншил зэргээ оруулсан хэлбэртэй болж байна.
Төрийн соёрхол. Энэ бол манай хүндтэй том шагнал. Жилд нэг удаа онцгой бүтээлд олгодог. Одоо бол 1962 оны хийцээрээ явж байгааг шинэ хэлбэрт оруулах гэж байна. Төрийн соёрхлыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ, онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг утга зохиолын шилдэг гарамгай бүтээлд олгоно гэсэн байдаг.
Сүүлд зарлигаар бий болсон шагнал бол Шилдэг бүтээн байгуулалтын шагнал. Цагаан сараар бүтээн байгуулагч хамт олонд олгодог шагнал-гэрэгэ юм.
Төрийн шагналын хувилбарууд ийм байна” гэлээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Төрийн шагналын хуулийн төсөлд хууль хэрэгжих хугацааг хэдийд гэж зааж өгсөн бэ. Одон тэмдгийг олгоход нийгмийн баталгаа хангагдахгүй байна гэсэн асуудал яригддаг. Тэгэхээр тухайлбал, ямар одон тэмдэг олгоход төдий хэмжээний урамшуулал олгох вэ гэх зэрэг заалтуудыг энэ хуульд тусгаж өгсөн үү. Одоо олгогдож байгаа шагналын нөөц дууссан уу. Шагналын фондод хэдий хэмжээний шагнал үлдээд байна вэ?
-Уг хуулийг 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхэлж мөрдөхөөр заасан. Шагнал урамшуулал авсан хүмүүсийн нийгмийн баталгаа бол чухал асуудал. Шинэ хууль журмын дагуу өмнө нь одон медаль авсан хүмүүсийн гавьяа зүтгэл, шагнал урамшуулал, авдаг нийгмийн халамж хэвээр хадгалагдаж үлдэнэ. Миний ээж аав ийм одон медальтай байсан хэмээн үеийн үед дурсагдаж явна. Тэдгээрийн нийгмийн халамж насан туршид нь хэвээр үлдэнэ.
Шинэ хуульд нийгмийн баталгааны асуудлыг зааж өгөөгүй, энэ бол шагналын хууль. Нийгмийн халамжийн тухай хуулийг УИХ өөрийн бүрэн эрхийн хэмжээнд өөрчлөн шинэчлэх боломжтой. Дахин хэлье, өмнө нь шагнал авсан хүмүүсийн нийгмийн баталгаа, халамж хэвээр үлдэнэ.
Нөөцийн хувьд олон тоогоор үйлдвэрлэсэн одон медаль, тэмдэг бий. Нөөц дууссан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөвт тусгаад “Зоос гоёл” үйлдвэрт захиалан хийлгэдэг. Бэлэн нөөцтэй одон медалиуд ч бий, цаг тухайд нь захиалаад хийлгэдэг одон медалиуд ч байдаг.
- Энэ хуулийн төслийг УИХ чухам хэзээ батална гэж та үзэж байна. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдах боломж байгаа болов уу. Зарим шагнал, одон, медалийг хассан гэсэн мэдээлэл байна. Чухам ямар одон, медалиудыг хассан бэ. Ингэсэн тохиолдолд УИХ-аар батлагдаж чадах уу. Хүмүүс “Хамт олноос нь шагналд тодорхойлоод явуултал харамсалтай нь хэдэн жилийн турш чимээ алга” гэх мэтээр ярилцдаг. Тэгэхээр шагнал олгоход чухам ямар шалгуур тавьдаг юм бол. Иймэрхүү санал гомдол танд ирж байсан уу?
-Хасагдсан гэдэг дээр хоёр гурван зүйл хэлье. Бид энэ хуулийн төслийг боловсруулахад уламжлал, залгамж чанараа хадгалж үлдэхийг эрмэлзсэн. Тухайлбал, Чингис хааны одон байна. Мөн Эрдэнийн очир гэх мэт үндэсний онцлогтой холбоотой одон байна. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар зэргийг нэгтгэж Монгол Улсын баатар хэмээх нэг л цолтой болгохоор заасан. Мөн олон гавьяатуудыг нэгтгэж Гавьяат зүтгэлтэн болгоно. Алтангадас одон, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар одонг  хадгалж үлдсэн. Мөн соёмбо, алхан хээ мэт үндэсний онцлогоо хадгалсан зүйлсийг хадгалж үлдсэн байгаа.
Төрийн одон медаль хүртэх шалгуурыг бид хэдэн янзаар зааж өгсөн. Нэгдүгээрт нь, амжилт, гавьяагаар нь олгоё. Хоёрдугаарт ажил мэргэжлийн онцлог байна. Гуравдугаарт, эрэмбэ тогтооё. Ийм медаль аваад тэдэн жил болоод дараагийн шагналыг авна гэж журам гаргаж болохоор байгаа. Эрэмбэ, хугацаа тогтооё. Таван жилд нэг удаа, гурван жилд нэг удаа, жилдээ 50 хүртэл тоогоор олгоно гэх мэт тоо тогтооно. Шагналын тоо, жил, тэмдэглэлт өдөр гэх мэтийг харгалзаж үзнэ. Жишээ нь, энэ одонг зөвхөн Цагаан сараар л олгоно. Харин энэ одонг Үндэсний бахархлын өдөр олгоно гэх жишээтэй. Одон медаль олгох нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх учраас түүнд мөн өөрийн гэсэн шалгуур, шаардлага байна.
Чухам ямар одон медаль хасагдаж байна вэ гэхээр хүний нэртэй одон медалиас зөвхөн Чингис хааны одон л хэвээр үлдэж байгаа. Манай түүхэнд нэр алдар цуутай олон хүмүүс төрсөн. Тэр бүхнийг одон медаль болгоод байвал болохгүй. Энэ тухай хэлэлцүүлэг удаан үргэлжилсэн. Тэгээд зөвхөн Чингис хааны нэрийг одон медальд ашиглая гэж шийдсэн. Ардын жүжигчинтэй Улсын эрдэнэ дүйж очиж байгаа. Үнэхээр тухайн үндэсний соёл урлаг, шавь сургалт бүх зүйлээ хойч үедээ өвлүүлэн өгч буй хүнийг шагнаж байгаа учраас энэ бол асар их нэр хүндтэй шагнал юм. Энэхүү шагналыг гурван жилд нэг удаа олгоно.
Эрдэнийн очир одон нь Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон гэх зэрэг одонг орлох боломжтой. Эдгээр одонг төлөөлж байгаа учраас Эрдэнийн очир асар хүндтэй шагнал болно. “Улаан тугийн” гэдэг нэрнээс болгоомжилж байгаа юм уу гэж зарим хүн бодож байж болзошгүй. Үүнийг Үндсэн хуульд л нийцүүлсэн. Үндсэн хуульд Есөн хөлт цагаан туг гэж байгаа. Төрийн далбаа хүртэл улаан, цэнхэр, улаан өнгөтэй шүү дээ. Тэгэхээр төрийн шагналаа одоогийн зарчимдаа нийцүүлэн одон медалийн нэр хүндийг өргөж өгч байна. Тэрнээс биш үзэл суртал, намын нөлөө байхгүй.
Ихэнх улс орнууд 1990-ээд онд нийгмийнхээ байгуулал, Үндсэн хуулиа өөрчлөхдөөшагналынхаа хуулийг өөрчилсөн байдаг. Тухайн үед энэ асуудал хялбар, хүмүүс ч амархан хүлээж авахаар байж. Гэтэл бид энэ бүхнийг өөрчлөөгүй 20 гаруй жил явчихсан болохоор иргэдийн сэтгэл санаанд хоногшоод байна л даа. Бид өнөөдөр зориг гаргаж энэ асуудлыг үндэсний соёл, уламжлалтай нийцүүлэн шийдэх хэрэгтэй. Энэ асуудлаар янз бүрийн асуудал яригдах л байх. Гэхдээ бид үүнийг хийх ёстой. Бидний тайлбар ийм байдлаар явна, тэгээд УИХ дээр ярилцъя гэж байгаа.
Шагналын хуулийг УИХ батлах уу гэж асуугаад байгаагийн цаана өөр санаа байгаа болов уу гэж бодож байна. Одон медалийг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олгодог. Миний санал дэвшүүлээд байгаа зам бол үүнийг УИХ-аар батлуулж хууль болгоё гэж байна. Дараагийн сонголтыг Ерөнхийлөгч хийхэд Үндсэн хуулиар энэ нээлттэй. Ер нь шинээр бий болгох алдар цол, медаль бол УИХ-аар шийдэгдэх учиртай. Харин өмнөх өөрчлөлтийг зарлигаар хийгээд явчих боломжтой юм.
Шагналын тодорхойлолт дээр очихоор л зовлон байдаг гэдгийг саяхан би хэллээ. Нэгэнт хууль байхгүй болохоор зохицуулалт, хязгаар, хэмжээ, шалгуур байхгүй. Иймээс тэр шагналд тодорхойлж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Нэг аймгийн нэг сумаас, нэг байгууллагаас гэхэд хэдэн зуугаараа шагналд тодорхойлуулдаг. Тэгээд тодорхойлолтыг Иргэдийн Хурлаас ч юм уу, зогсоосон байвал бөөн хэл ам болдог. Тэгэхээр тодорхойлолтыг бушуухан л Ерөнхийлөгч рүү илгээдэг болсон. Энэ бол хариуцлагагүй хандлага.
Монгол Улсын хэмжээнд гавьяат цолд тодорхойлуулсан хүний тоо 8000 давсан. Эдгээр хүмүүсийн тодорхойлолтыг уншвал бүгд л мундаг гавьяатай хүмүүс байна. Энэ бүхнийг Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоёр гурван ажилтан шалгах боломжгүй юм.
Ерөнхийлөгч болоод миний баримталсан нэг зарчим бол төрийн одон медалийг шалгуурт нь нийцүүлж өгөх ёстой. Ар өврийн хаалга, худалддаг ,зардаг, зуучилдаг зүйлийг зогсооё гэсэн зарчмыг баримталдаг. Хэрэв ийм асуудал гарвал бид хууль хяналтын байгууллагаар шалгуулъя гэж байгаа. Гараагүй зарлигийг гарсан болгоод, зарлигийн дугаарыг өөрчлөөд, одон медалиа хаясан гээсэн нэрийн дор завших гэж оролдсон асуудал, хэрэг мэр сэр бий. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад явдаг.
Шагнал одон медалийг зуучилдаг, олгодог ийм хэрэг гарвал хатуу ярина шүү гэж би хэлдэг. Хуульд ямар хариуцлага заасан байна, түүний дагуу явна. Ямар ч өмгөөлөх асуудал байхгүй. Ийм хэрэг гарвал бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Энэ асуудлыг хүмүүс янз бүрээр хардаг учраас элдэв яриа гарсан байх. Нөгөө талаас аливаа шагнал хүнээ олбол тухайн хүн, гэр бүл, хамт олонд ямар их урам, хүндэтгэл, баяр цэнгэлийг авчирдгийг бид бүгд харж байна. Харин шагнал нүдээ олоогүй, авах ёсгүй хүн авсан тохиолдол цөөхөн шүү дээ.
Шагнал авч байгаа хүний нүд хоёр, харж байгаа хүний нүд сая учраас энэ нээлттэй нийгэмд янз бүрийн яриа гарах нь байх л зүйл. Хэрэв ямар нэг асуудал гарвал шууд шалгуулах хэрэгтэй, манай Тамгын газарт шууд хандах хэрэгтэй.
- Гурван асуулт байна. Нэгд, Улс төрийн намуудын тухай хуулийг сонгуулиас өмнө батлах уу. УИХ-д энэ талаар та шахалт  үзүүлэх боломжтой юу. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд өгөх ёстой гэж та хэлсэн. Энэ мөнгөний эх үүсвэрийг хаанаас яаж гаргах вэ. Засгийн газарт тийм хэмжээний мөнгө байгаа юм болов уу. Гуравт, шагналын тоо ерөнхийдөө цөөрөөх хандлагатай юм байна. Шагналын тоо цөөрөхөөр очиж байгаа урамшууллын дүн нэмэгдэх үү?
-Энэ шинэ хуулийг шагнал урамшуулалтай уяж өгөөгүй. Ер нь шагнал гэдэг бол өөрөө эрхэм хүндэтгэл, хуучин хэвээр хадгалагдаж явна гэдгийг түрүүн хэлсэн. Мөнгө төгрөг дагадгийг тусад нь өөр хуулиар шийддэг учраас бид оруулаагүй юм. Миний байр суурь бол элдэв мөнгө төгрөг дагадаг болох хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа. Тэр цол авч байгаа хүндэтгэл гэдгээрээ явах нь зөв юм гэж бодож байгаа юм.
Улс төрийн намын тухай хуулийг би батлагдаасай гэж бодож байна. Намын улсуудтай ярьсан, мэдээж дургүй, эрс эсэргүүцдэг ганц нэг заалт, ганц нэг зүйл бий. Энэ бүхнийг ярилцаад шийдэх бүрэн боломжтой. Ерөнхий том хуульд оруулах ёстой харилцаанууд, хүн бүхний яриад байдаг зүйлүүдийг оруулсан. Нам муу байна, болохгүй байна, энэ буруу байна гэж шүүмжлээд байдаг. Үүнийг ингэж засъя гээд  хууль болгоод, төсөл болгоод  оруулна  гэдэг бол амаргүй ажил шүү. Энэ төсөл хэрийн албан тушаалтнаас гардаг алхам бол биш. Гарч байгаагүй. Тиймээс үүнийг нэг зөв болгоё, цаашаа сайжруулаад явья гээд бүх орох ёстой харилцааг  оруулсан. Нам нь буруу болохоор төрийн ажил явахгүй байна. Нам дотор янз бүрийн муу муухай зүйл байгаа учраас түүгээрээ далимдуулаад төр рүү тэр муу бүхэн орж ирээд байгаа юм.
Хууль батлагдахад Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын  тухай хууль гэж хажууд нь оруулж өгч байгаа. Ямар харилцаа хууль батлагдангуут хэрэгжээд явах вэ. Ямар нь тодорхой цаг хугацаа шаардах вэ гээд журмын тухай хуулинд заагаад өгчихсөн  байгаа. Саяын хэлсэн хуулиадыг иргэд харъя гэвэлwww.president.mn хаягаар ороход  бүгд байгаа. Төрийн албаны хууль бүтнээрээ бий. Энэ бүхнийг татаж аваад уншаад, тэр бүү хэл саналаа явуулах бүрэн боломжтой шүү. 
Хүүхдийн мөнгөн дээр маш товчхон хариулья. Мэдээж олон хүн хандсан. Хүмүүс янз бүрээр харж байгаа байх. Хэвлэлийнхэн янз бүрээр ярьж байгаа байх. Ер нь шалгуур тавиад янз бүрээр шатлал бий болгоод явсан. Гэхдээ энэ дээр хоёр гурван зүйл хэлж болно. Бүртгүүлээгүй, бичиг баримтаа хангаагүй хүнд хүүхдийн мөнгө өгдөггүй. Хүүхдийн мөнгөнөөс эцэг эх нь аваагүй үлдсэн мөнгө хаачдаг вэ гэвэл төсөвтөө үлдээд, бусад зүйлд зарцуулагдаад явдаг юм. Тэгэхээр нийт 18 нас хүрсэн хүүхдийн 86 хувь нь мөнгөө авч байгаа, 14 хувь авдаггүй гэсэн судалгаа байдаг. Би бол өөрийнхөө 18 хүрээгүй 2 хүүхдийнхээ мөнгийг авдаггүй, асарч явдаг хүүхдүүдийнхээ мөнгийг аваад хадгалж, хуримтлал үүсгэх ёстой л гэж боддог.
Өөрөө очоод бүртгүүлээд, баримт бичгээ бүрдүүлээд хүүхдийн мөнгө авах боломж бүрдэж байгаа. Саяын бүртгэлээс харахад дахиад 80 орчим хувь нь ийм байдал руу эргэж орж байгаа. Хүүхдийн мөнгөн дээр ямар нэгэн шалгуур тавих нь илүү. Дээрээс нь бас нэг хүндрэлтэй юм нь гэрт нь ирээд танайх хөргөгчтэй юм уу, машинтай юм уу, машин чинь зээлийнх юм уу гэж бүртгэдэг гэсэн.  Ямар ч хүнд амьдралтай айлд орчин үеийн техник технологи гэх мэт тодорхой зүйлүүд байгаа шүү дээ.  Мэдээж тэр бүртгэж байгаа хүмүүс хуулийн дагуу ажиллаж байгаа гэдэгт итгэж байна, гэхдээ  “Би л шийдэж байгаа, би танай хүүхдийг хүүхдийн мөнгөнлд оруулж чадна. Би танай хүүхдийг хасаж чадна” гээд тодорхой албан тушаал дээр ийм нэг асуудал үүсээд байгаа. Миний эхнээс нь барьсан зарчим бол ийм юм бол хэрэггүй юм даа гэсэн бодол. Яг иргэнд нь эрхийг нь өгчихье. Очоод хүүхдийн мөнгөө авна гээд бүртгүүлээд авч байгаа тэр боломжийг олгоё.
Нийгмийн мэдээлэл дотор байдаг учраас над руу олон эцэг эхчүүд хандсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай зөвлөсөн. Ер нь энэ асуудлыг ярилцъя гэсэн. УИХ ярилцаж байгаад тогтоолоор шийдсэн. УИХ тогтоолдоо өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна лээ. Засгийн газар энэ асуудлаар яриад, өөрчлөлтийн асуудлыг шийдье гэж байгаа. Энэ асуудлыг саяын ярьсанаар шийдчих байх гэж бодож байна. Нийгмийн халамжийн мөнгө гэхээсээ ер нь Монголын хойч үе эрүүл өсөж торних, монголчууд олуулаа болох бодлогын асуудал шүү дээ.
-Шагналыг үнэ цэнэтэй байлгахын хувьд шагналыг олгож байх үедээ тэр хүний алдар цууг нь алдаршуулж маш хүндэтгэлтэйгээр шагналаа олгодог л доо. Энэ хуулийн төслийг дагалдуулаад  журам гаргавал ямар вэ. Тэгвэл энэ шагнал эзнээ олсон байна, үнэ цэнэтэй байна. Дараа дараагийн хүмүүс ч гэсэн би үнэхээр ийм гавьяа байгуулаад энэ шагналыг авах юм байна шүү гэсэн ойлголтыг төрүүлэхүйц баймаар байна. Хоёрдугаарт, шагналыг өргөн мэдүүлэхэд ямар нэгэн журам гарч байгаа юу?
-Шагналыг тодорхойлоход, өргөн мэдүүлэхэд маш их өөрчлөлт орж байгаа. Түүн дээр илүү хариуцлагатай болгоё гэж бодож байгаа. Жишээлэхэд, Алтангадас одонг жилд  1000 хүртэл хүнд олгоно гэхэд нийт суманд хуваарилж үзвэл манай сумаас жилдээ хамгийн мундаг 2 хүн Алтангадас авах юм байна гэх жишээний. Тийм байдлаар хүмүүсээ тооцож тодорхойлж ирүүлж байх хэрэгтэй. Жилд 1000 хүнд  олгодог шагнал дээр нэг сумаас 100 Алтангадас тодорхойлж ирүүлж болохгүй. Нэг дүүргээс 500 Алтангадас тодорхойлж ирүүлж болохгүй. Хүмүүс ингэж боддог. Олон нийтээр хэлэлцүүлээд шагнал өгвөл зүгээр гэж ярьдаг. Бид нар Чингис хаан одонгоор шагнахдаа одонгоо өгөхөөс арваад хоногийн өмнө тэр хүний нэрийг зарладаг шүү дээ. Тэгэхээр олон нийт хараад, тэр хүний бүтээл хийсэн зүйл нь яригдаад, олон нийтэд хүрдэг  сайхан хэлбэр явж байгаа. Ер нь боломжтой хийж болох зүйлүүдийг бид журамдаа оруулж өгнө. Нарийвчилсан журам гарна гэж бодож байна. Төрийн шагналд нэр дэвшүүлэхэд зөвлөлөөр ярилцдаг. Гэхдээ л шалгуур баригдахгүй л байгаа юм. Есөн хүнтэй сууж байгаад ярилцаад, хэлснийг нь л цаасан дээр бичээд нааш нь явуулдаг. Мэдээж амжилт бүтээл гавьяа зүтгэлийг метрлэж хэмжиж болохгүй л дээ.
Журам дээр энэ одонг юугаар хийх вэ. Баатрын одонд ямар эрдэнийн чулуу байх вэ, алтаны орц хэр байх вэ, мөнгөний орц хэр байх вэ гэх мэт бүх зүйлийг граммаар нь, унциар нь маш нарийн боддог. Энэ бүх харилцааг нэг болгоно гэж бодож байна. 
Ер нь бол одон гардуулдаг өдрийг аль болох цөөрүүлнэ гэж бодож байгаа. Улсын баяр наадам, 12 дугаар сарын 29 тусгаар тогтнол эрх чөлөөг сэргээн тогтоосон өдөр, Монгол бахархлын өдөр, бусад баяруудаар аль болох цөөн байдлаар шагнах нь зүйтэй. Одон авсан хүмүүс миний хийсэн бүтээснийг үнэллээ. Төр засагтаа баярлалаа гэдэг. Зарим нь бол цаашдаа хийж бүтээхэд урам өглөө, сайхан сэтгэгдэл үлдээлээ гэж ярьдаг. Үүний аль аль нь л байх ёстой зүйл. Гол шалгуур бол хийсэн бүтээсэн зүйлд нь, гол амжилтад нь, жил хугацаа гэдэг зүйл рүү нь дөхүүлж өгсөн нь их л зөв байх. Хамгийн гол суурь харилцаа бол шагналын тодорхойлолт дээр байгаа. Анхан шатнаас хэнээс тодорхойлолт гарах вэ. Хоёр найз сууж байгаад л “Чи нэг гавьяат авах болсон доо, нээрээ тийм шүү дээ” гээд,  тэгээд байгууллагынхаа дарга дээр ирээд, тодорхойлолт гаргаад  цаашаа яваад өгдөг ийм нэг зүйл байдаг. Ер нь тоо шиг нарийн шалгуур байхгүй. Шинэ хуулиар бол жилдээ 50 хүртэлх гавьяат Монгол Улсад төрөх юм байна. Бүр онцгой тохиолдол боллоо гэхэд УИХ хуулиараа шийдсэн нь дээр. Хуулиар шийдүүлэх гээд байгаагийн нэг юм нь давхар хамгаалалт хийж өгч байгаа юм.
Хуулиар шийднэ гэдэг Ерөнхийлөгч хүртэл өөртөө хариуцлага сахилгыг бий болгож байна гэсэн үг. Тамгын газар ажиллаж байгаа хүмүүс төсөвлөхдөө хүртэл  50 хүртэл гавьяатын тэмдэг хийлгэхээд ямар үнэтэй байдаг юм, түүгээрээ төсөвт оруулна. Чингис хааны одонг жилд нэг хүнд олгодог бол Чингисийн нэг л одон хийлгэнэ гэж жилийн төсөвтөө оруулна шүү дээ.
-Хуулиа баталчихаар нэмэлт одонгууд яах вэ, ойн медалиуд дээр хуулиа өөрчлөөд байх уу?
- Их зөв асуулт байна. Байгуууллагуудын одон гэж байдаг. Энэ хуулин дээр бас нэг  зохицуулалт оруулах хэрэгтэй. Ард түмний гавьяат гэх мэтээр олон нийтийн байгууллагууд хүртэл одон гаргаад, олгоод явдаг. Тэгэхээр бид нар нэг зөв зам руу ормоор байгаа юм.
Төрийн одон медальтай давхардсан одон медалийг аль нэг байгууллага өгөхгүй. Жишээ нь, Чингис хааны одон, Эрдэнийн очир одон, Алтангадас одон, медаль гэдэг нэртэй шагнал ТББ-д байж болохгүй гэж зааж өгсөн нь дээр. Гавьяат зүтгэлтэн гэсэн өөр шагналыг ТББ өгч болохгүй гэдгийг хариуцлагын хууль, бусад  бүх юмандаа маш сайн зааж өгөх хэрэгтэй. Ингэж журамлах хэрэгтэй.
Дотоодын байгууллагыг Алтангадас одонгоор л шагнадаг байя гэх мэтээр шинээр журам гарах юм бол нарийн журамласан нь дээр. Тухайн байгууллагын 50 жилийн ойгоор шагнасан бол дахиад тэр одонгоор шагнахгүй. 100 жилийн ойгоор нь шагнах ч юм уу, түүнийг маш тодорхой хэлж өгөх ёстой юм байна л даа.
Нэхэн шагнах асуудал дээр Улсын баатар цолоор нэхэн шагнах асуудал байж болно. Эх орныхоо төлөө амь насаа зориулж зүтгэсэн онцгой нөхцөл үүссэн үед нэхэн шагнах тухай асуудал гарч ирж магадгүй. Үүнийг асар нарийн журамлаж өгөх хэрэгтэй. Ямар тохиолдолд вэ гэдгийг журамлах шаардлагатай байгаа юм.
Жишээлбэл, Шударга журам медалийг нэхэн шагнаж болохоор хуулинд хийж байгаа. Ийм зохицуулалтууд бий. Ерөнхийлөгчийн зарлигаар бид Төрийн одон, медаль олгож байгаа. Харин төрийн байгууллагуудаас олгогдох шагналууд Засгийн газар дээр шийдэгдэх ёстой. Энэ нь  Төрийн одон, медальтай давхцах ёсгүй, түүнийгээ Засгийн газрын хурлаар шийддэг байя. Засгийн газрын шагнал гэж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч нар олгож ирсэн, одоогийн Ерөнхийлөгч  зарлигаар олгож байгаа Шилдэг залуу эрдэмтэн, Шилдэг залуу эмч, Шилдэг оюутны шагнал байна. Мөн дээр нь Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрөөр барилдсан бөхчүүдэд зориулж Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом олгож байгаа. Эдгээр дөрвөн шагнал Ерөнхийлөгчийн нэрэмжит гэж олгогдож байгаа. Цаашдаа ч олгогдоно гэж үзэж байгаа . Үүн дээр нарийвчилсан журмууд хэрэгтэй байх.  
Кино хийдэг улсуудад олгодог  ч юм уу, олон нийтийн байгууллагын шагналууд байдаг шүү дээ. Жишээлбэл, Алтан бөмбөг ч гэдэг юм уу. Тэр байгууллагууд салбар салбарын хүнээ мэдэж байгаа учраас олон нийтийн түвшинд олгогддог тэр шагналууд нь байж байхад болохгүй зүйл үгүй болов уу. Зүй нь төрийн олгож байгаа одон медальтай давхцах хэрэггүй, цаашдаа энэ чиглэл рүү явах байх. Гадаадын Оскар гээд байдаг асар их нэр хүндтэй, тэр салбартаа ажиллаж буй хүмүүсийн хүсэн хүлээсэн шагнал байдаг. Томоор нь аваад үзэхэд одон медиалаар иргэдээ шагнаддагүй төр, улс гэж хаана ч байхгүй. Тэгэхээр энэ бүх олон зүйлүүдийг олон талаас нь харгалзаж үзсэн юм шүү.
Хүмүүс эхлээд сонсчихоод ийм ч зүйл орхигдсон байна, тийм ч юм алга байна гээд дүйвээнээр нь баахан шуугидаг. Тэгж байгаад үндсэн асуудлаа унагадаг,  нэг ийм болчихоод байгаа юм. Тэгэхээр хэдэн зууны өмнөөс төрөөс урамшуулж ирсэн энэ зүйлийг хуулиар бүрэн журамлах хэрэгтэй л гэж бодож байна.
-Та сая яриандаа хэллээ. Алтангадас одонг нэг жилд 1000 хүртэл хүнд олгоно гэж  заасан байна. 2015 оны хувьд ямар одонгоор хамгийн их шагнав, дээр нь та Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ажиллахдаа хэдий хэмжээний тоотой одон медаль олгов, эдгээр тоог сонирхож байна. Сонгуулийн хуулийн талаар таны байр суурийг бас сонирхох гэсэн юм. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний сурталчилгаатай холбоотой өөрийн саналаа хэлнэ үү?
- Бид нар болон манай Шагналын тасгийнхны хийж хэрэгжүүлсэн нэг сайн ажил бол шагналын мэдээллийг цахим бүртгэлд хамруулсан явдал юм. Тэр хүн өмнө нь ямар шагнал авсан гээд бүх мэдээлэл ил тод болсон.  Түүнээс өмнө бүх материал цаасан хэлбэрээр ирээд Шагналын тасгийн өрөө архивын өрөө шиг болж,  цаасаар дүүрдэг байсан. Одоо бол цахим бүртгэлтэй болсон учраас замбараатай болж байгаа. Мэдээж ганц нэг алдаа дутагдал гарч байгаа байх. Бид аль болох гаргахгүйн төлөө ажиллаж байгаа. Цахим бүртгэлд орсноор амжилт бүтээлийг нь харах, хугацааг харах, нас, ажилласан жил, гаргасан амжилт гээд бүгдийг харж байгаа. Дороос тодорхойлж ирэхдээ замбараагүй байсан бол одоо энд сайжирсан.
Хамгийн их олгогддог шагнал бол Хөдөлмөрийн хүндэт медаль байдаг. Одонгоос Алтангадас байдаг. 2009 оноос хойш олгогдсон тоог харахад 3-аас 5 дахин буурсан гэж хэлж болно. 
Сонгуулийн хуулийн хувьд эцсийн редакциа УИХ сонсоогүй байгаа юм байна лээ. Эцсийн редакциа сонсоод ирүүлэх байх. Ерөнхийлөгч хориг тавина энэ тэр гэсэн ийм яриа битгий гаргаарай. Миний баримталж ирсэн байр суурь, УИХ-ынхантай ярьдаг зүйл бол Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулдаг явдлыг хэрвээ болж өгвөл сонгууль болсны дараа жилийн дотор хийж, өмнөх сонгуулиар ямар алдаа дутагдал гарав, түүнийг засаж залруулах байдлаар л оруулж өгвөл дээр. Одоо явсаар байгаад шинэ он дөхүүлээд хэдхэн хоногийн өмнө шахаж баталж байгаа нь янз бүрийн шүүмжлэл дагуулдаг.  Сонгуулиа хийлээ, жилийн дотор янз бүрийн алдаа гарвал түүнийгээ засаад эрт хуулиа гаргачихвал дараагийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа нам эвсэл, бүх хүмүүст бүгдэд нь хэрэгтэй гэсэн ийм зарчмыг баримталж байгаа. Улс төрд олон жил явсан хүний хувьд энэ дээр ихэнх нь санал нийлдэг, гэхдээ хэрэгжүүлж чадахгүй явж байгаа гэдгийг энд хэлье.
Дээр нь нэмж хэлэхэд олон жил яриад, олон удаа зөвшилцөөд баталж байгаа зүйл дээр үнэхээр л онцгой нөхцөл байдал үүсээгүй бол янз бүрийн хориг тавихгүй гэдгийг онцлон хэлье.
-Таниас Монгол Улс байнга төвийг сахих тухай үзлийн талаар асуух гэсэн юм. Энэ сэдвээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөхгүй байна гэж хүмүүс үзэж байгаа. МҮОНТ-ээр үндэсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд суугаад ярилцаж байсан. Энэ санаачилгаа та хэзээ албан ёсны шийдвэр баримт бичиг болгох вэ?
- Албан ёсоор баримт бичиг болгоод Монгол Улсын Их Хуралд хуулийн төсөл болгон оруулсан байгаа. Энэ хуулийг уншиж үзье гэвэл Ерөнхийлөгчийн веб сайт www.president.mn-ийн Хуулийн төсөл хэсэгт байгаа. Хүмүүс тойроод шуугиад байдаг энэ хуулийн төсөл нь маш энгийнээр хэлбэл Монгол Улс энхийн цагт ямар нэгэн цэрэг дайны эвсэлд оролцохгүй, хөрш орнуудад ямар нэгэн аюул учруулахгүй гэсэн ийм л байр суурь шүү дээ. Өөр рүү нь довтлоогүй тохиолдолд бусдад ямар нэгэн зүйл учруулахгүй гэсэн ийм л зүйл.
Хэдхэн заалттай, маш ойлгомжтой хууль байгаа. Ганц үгээр хэлбэл, төвийг сахих гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтносон энэ байдал үеийн үед тасралтгүй үргэлжлээсэй гэж Монгол хүн бүхэн боддог. Яг энэ бодлогын гол уяа нь Төвийг сахих бодлого юм. Энэ тухай Монгол Улс аль зуун жилийн өмнө ч ярьж байсан, 1990 оны үед ч  ярьж байсан. Одоо бол нөхцөл байдал нь бүрэн бүрэлдсэн гэж харж байгаа.
Бид өөртөө итгэх хэрэгтэй Бидний өмнөөс Монгол Улсыг хэн ч хөгжүүлж өгөхгүй. Бидний эдийн засаг, бусад бүх салбарыг монголчууд өөртөө итгээд хөгжүүлэх ёстой, бид үүнийг хийх ёстой, бид хөгжил рүү тэмүүлэх  ёстой гэж зүтгэх ёстой. Эргээд энэ бодлого бол хөгжилтэйгээ уялдаж байгаа бодлого. Эргээд бүс, нутаг хөрш орнуудын хувьд хамгийн сайнаар нөлөөлөх зөв бодлого гэж харж байгаа. Монгол Улс өөрөө тууштай, энх тайванч нэг бодлоготой буюу тодорхой нэг бодлоготой байна гэдэг нь бидэнтэй харилцаж буй бүх улс оронд ойлгомжтой сайн зүйл юм. Тэгэхээр эндээс хохирох ямар ч нөхцөл байхгүй. Эрдэмтэн судлаачид 100 гаруй зүйлийн жагсаалт гарган ярилцсан зүйл ч байгаа. Түүнээс эрсдэлийг нь харахад боломжтой, хийх шаардлагатай ажил гэж УИХ-д өргөн барьсан байгаа. УИХ-ын АБГББХ-г урьж өргөтгөсөн хурал хийсэн. Шийдэл, үндэслэл бүгдийг ярилцахад ойлгомжтой л болдог.
Би бас нэг зүйлийг боддог юм. УИХ зарим нэг хуулийн төсөл дээр  намайг урихад би оролцоход бэлэн. Жишээлэхэд, тэр Хариуцлагын тухай хуулийг хэлэлцэхэд баахан тайлбар гарч магадгүй. Түүн дээр би оролцоно гэж бодож байгаа. Улс төрийн намын тухай хууль ч юм уу, Төрийн албаны тухай хууль, Төвийг сахих тухай хууль гээд эдгээр хуулиуд дээр оролцоод Ерөнхийлөгч яг юу бодсон юм. Хэдэн үе яаж оролцсон юм гээд энэ асуудлыг ярилцах боломжтой гэж үзэж байгаа.
Бидний хамгийн их анхаарлаа хандуулах хууль бол Хариуцлагаын тухай, Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хууль юм. Би өмнө нь хэлсэн. Жолоочид хариуцлага тооцох 10 онооны хууль байхад төр жолоодож, төрийн бодлого тодорхойлоход оролцож байгаа хүмүүст хариуцлагын тогтолцоо байхгүй гэдэг арай ч дээ, үнэхээр даан ч дээ байгаа шүү.
Тэр бодлого тодорхойлж байгаа нам дээр ч, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст ч гэсэн хамаатай. Тэр хувьсгал хийе гээд цуглаан хийж байгаа хүмүүстэй уулзаад төслөө танилцуулахад маш сайн, илүү том хүрээг харсан хууль байна гээд ярилцаж байх жишээтэй. Тийм учраас асуудлыг зөвхөн шүүмжлэлээр шийдэх боломжгүй. Тодорхой алхам, шийдлийн хувилбарыг гаргаж оруулах нь хамгийн зөв шийдвэр гэж харж байгаа. Зарим нэг асуудал дээр салж бутарч маргалдах биш, нийлж шийдмээр байгаа юм. Тийм асуудлууд олон байдаг юм шүү. Нийгэм маань нээлттэй юм чинь цаашаа илүү боловсруулаад, сайн хувилбар, дүгнэлтэд хүрэх байх гэдэгт итгэж байна. Цаг заваа гаргаж оролцсон та бүхэнд маш их баярлалаа” гэлээ.











































No comments:

Post a Comment