Friday, May 20, 2016

Маргааш Үнэний дуу эгшиглэнэ

Монголын Залуучуудын Холбоо Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг маргааш буюу 2016. 05. 21-нд Нийслэлийн иргэний танхимд  зохион байгуулах гэж байна.
1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Эндээс л алдарт Хонхны дуу эгшиглэж, Ардчиллын салхи эхлэсэн байдаг.
Тэгвэл үүнээс хойш 26 жилийн дараа Монголын хөгжлийг тодорхойлох түүхэн үүргийг нуруундаа үүрч байгаа өнөө үеийн уран бүтээлч, шинэ үеийн залуус нэг дор цуглах нь.  Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнд зохиолч, сэтгүүлч, жүжигчин, дуучин, зураач зэрэг салбар бүрийн түүчээ болсон урн бүтээлч залуус оролцож, өнөөдрийн нийгэм болоод салбарынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг сэтгэлээ онгойтол уудалж, түүнээс хэрхэн гарах талаар  хэлэлцэх аж.
Мөн  Үнэний өлсгөлөн, Шударга ёсны хомсдол, Тархины тураал сэдвүүдээр яруу найрагч Н.Гантулга, дуучин М.Нарантуяа, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөх юм.
Түүнчлэн зөвлөгөөний сүлд дуу болох Үнэний дуу энэ өдөр эгшиглэж олны хүртээл болох аж. Сүүлийн хэдэн өдөр сошиал ертөнцөд олны анхаарлыг ихэд татсан A Sound хамтлаг дуучин  Тэмүүлэнгийн Үнэний өлсгөлөн, Шударга ёсны хомсдол, Тархины тураал гэсэн нүцгэн зурагны учир ийнхүү тайлагдаж байна.
26 жилийн дараа болж буй уг зөвлөгөөнд Залуу уран бүтээлчдийн улсын  I,II зөвлөгөөнд оролцож байсан үе үеийн уран бүтээлчид ч мөн оролцох гэнэ.

Аливаа улс үндэстний урлаг соёлынхон нийгмээсээ нэг алхмын өмнө байж, нийгмийн хар барааныг шүүмжилж, дэвшилтэт үзэл санааг олон нийтэд түгээж байдаг. Энэ удаагийн зөвлөгөөн ч нийгмийн толь болж, урлагаас өөрийгөө харах боломжийг олгодог уран бүтээлчид нэг дор зөвлөлдөж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.










No comments:

Post a Comment