Төрөөс иргэд, тэдний төлөөллийг бодлогын асуудлыг тодорхойлох, сонголт хийх, бодлогын хэрэгжилтийг хянах, үнэлэхэд оролцуулахыг товчхондоо иргэдийн оролцоо гэж нэрлэдэг. Тиймээс ардчилсан улсад төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг боловсруулахад, тэдгээрийг хэрэгжүүлэхэд, улмаар үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт тавьж, хариуцлага тооцоход иргэдээс оролцсоноор, төрийн байгууллагын бодлого, шийдвэр нь иргэдээс хүлээн зөвшөөрөгдөж, үр дүнтэй хэрэгжих боломжтой болно. Иргэдээс төрийн байгууллагаас шийдвэр гаргах явцад оролцох бодит арга зам, механизмыг хууль тогтоомж, бодлогын баримт бичгээр тодорхойлох төдийгүй түүнийг амьдралд хэрэгжүүлэх бодит нөөц, зохион байгуулалтын болон бусад нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд илүү үр дүнд хүрдэг байна.
Төрийн байгууллагаас шийдвэр гаргах явц, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангах төрлийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
- Иргэдийн хэрэгцээнд нь нийцсэн, ач холбогдолтой мэдээллийг нийтэд болон тухайлсан бүлэгт ил тод, хүртээмжтэй мэдээлэх, таниулах
- Төрийн байгууллагаас өөрийн санаачилгаар иргэдтэй зөвлөлдөх буюу иргэд, түүний төлөөллийн байр сууриа илэрхийлэх боломж олгох, тэдгээрийн саналыг асуух, сонсгол, ярилцлага хийх, улмаар иргэдийн саналыг шийдвэр гаргахдаа харгалзах
- Иргэн, төрийн идэвхтэй хамтын ажиллагааны хэлбэр буюу иргэдийг тодорхой ажлын хэсэгт хамруулж шууд оролцоог хангах, иргэдийн бүлэг, зөвлөл зэрэг хуульд заасан механизмыг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдийн санаачлагыг урамшуулах, үйл ажиллагааг дэмжих байдлаар түншлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
- Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд, түүний төлөөллөөс тухайлбал иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан шууд ба шууд бус хяналт тавих.
Энэхүү уралдааны зорилго нь Монгол Улсын нийт аймаг, сумын болон нийслэлийн дүүрэг, хороодын түвшинд нутгийн өөрөө удирдах байгууллагаас болон төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллагаас иргэдийн саналыг үндэслэсэн, харгалзсан эсхүл бусад байдлаар шийдвэр гаргахдаа иргэдийг оролцох бодитой нөхцлийг хангасан, иргэдийн санаачилгыг дэмжин хэрэгжүүлсэн сайн туршлагыг урамшуулан, адил түвшний байгууллага хоорондоо харилцан туршлага солилцож суралцах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, таниулахад оршино. Мөн иргэд буюу түүний төлөөллийн байгууллагаас өөрийн санаачилгаар тодорхой асуудлыг шийдвэрлэж, бодит ажил хэрэг болгосон сайн туршлагыг энэ уралдааны хүрээнд дэмжиж, нийтэд түгээнэ.
Тус уралдааны хүрээнд төрийн байгууллагаас шийдвэр гаргахдаа иргэдийг оролцуулж буй сайн туршлагыг, иргэдийн санаачилсан сайн туршлагын хамт нийтийн хүртээл болгож, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шилдэг туршлагуудыг багтаасан эмхэтгэл хэвлүүлнэ. Аймаг, сум, дүүрэг, хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн нийтийн хурал болон Засаг даргаас иргэдийн оролцоог хангасан, дэмжсэн, урамшуулсан, хамтын түншлэлийг хөгжүүлсэн, энэ талаар шинэ боломжийг нэвтрүүлсэн, шинэ санаачилгыг өрнүүлсэн сайн туршлагыг түгээх зорилгоор үндэсний чуулганыг зохион байгуулна.
Хоёр. Зохион байгуулагч
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төсөл.
Гурав. Хамрах хүрээ
Орон нутгийн дөрвөн түвшний нэгжүүд мөн иргэдийн өөрийн санаачилгын түвшинд, нийт доорх таван түвшинд уралдааныг зохион байгуулна:
- Нийт аймгууд
- Нийт дүүргүүд
- Нийт сумд
- Нийт хороод
- Иргэд, түүний төлөөллийн байгууллага (иргэдийн бүлэг, зөвлөл, эсхүл иргэний нийгмийн байгууллагууд зэрэг)
Дөрөв.Хугацаа
2016 оны 5 дугаар сарын 9-нөөс 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг дуустал нэг сарын хугацаанд уралдаанд ирүүлэх материалыг хүлээн авна.
Тав. Уралдааны шалгаруулалтад ирүүлэх материал
Уралдаанд оролцох хүсэлтэй орон нутгийн нэгжийн ИТХ, ИНХ, Засаг дарга нь хуулиар тодорхойлсон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийг хэрхэн оролцуулж шийдвэр гаргасан эсхүл, иргэдийн оролцоог хэрхэн бодитой дэмжиж ажил хэрэг болгосон, тодорхой хуулийн заалтын хэрэгжилтийг ямар арга, хэлбэрээр хэрхэн амжилттай зохион байгуулсан, ингэснээр ямар үр дүнд хүрсэн талаарх танилцуулгыг бичгэн хэлбэрээр, зураг, видео бичлэг болон бусад шинэлэг бүтээлч хэлбэрээр гаргаж, холбогдох нотлох баримтыг хавсарган, доорх хаягаар ирүүлнэ. Дүүрэг, сум, хороодын хувьд шалгаруулалтад ирүүлж буй материалыг аймаг, нийслэл, эсхүл дүүргийн удирдлагаар дамжуулах шаардлагагүй. Төслийн нэгжид шууд хаяглан ирүүлнэ.
Иргэд, тэдгээрийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагаас өөрсдийн санаачилгаар тухайн нутгийнхаа өөрөө удирдах байгууллагаас болон төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллагад уламжлан, эсхүл иргэдээс дундын асуудлаа хамтран шийдвэрлэж, бодит ажил хэрэг болгосон, нийтийн ашиг сонирхлын асуудлыг шийдвэрлүүлсэн, тодорхой үр дүнд хүрсэн сайн туршлагын талаарх танилцуулгыг нотлох баримт хавсарган төслийн нэгжид хаяглан ирүүлнэ.
Танилцуулгыг цахим шуудангаар илгээх боломж нээлттэй. Асуулт, тодруулах зүйл байвал утсаар болон цахим шуудангаар тодруулга өгөх боломжтой.
Шуудангийн хаяг:
“Иргэдийн оролцоо” төслийн нэгж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Төрийн ордон, 465 тоот өрөө
Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1
Улаанбаатар 14201
Монгол Улс
Утас: +976-51-266876
Цахим шуудан: khulan@president.mn
Төслийн цахим хуудас: www.irgeniioroltsoo.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Төрийн ордон, 465 тоот өрөө
Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1
Улаанбаатар 14201
Монгол Улс
Утас: +976-51-266876
Цахим шуудан: khulan@president.mn
Төслийн цахим хуудас: www.irgeniioroltsoo.mn
Зургаа. Уралдааныг шалгаруулах комисс
Уралдаанд ирүүлсэн материалыг зохион байгуулагч тал, бие даасан шинжээчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс, энэ удирдамжаар тогтоосон шалгуураар үнэлж, аймаг, сум, дүүрэг, хороо болон иргэн, тэдгээрийн төлөөллийн түвшин бус бүрийн шилдэгийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны дотор тодруулж, шалгарсан ялагчдыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төслийн цахим хуудсаар мэдээлнэ.
Долоо. Уралдааныг дүгнэх шалгуур
Тухайн нэгжийн ИТХ, ИНХ эсхүл Засаг даргаас хуульд тодорхойлсон чиг үүргийнхээ дагуу (Тухайлбал: 1. Төсвийн тухай хуулийн 63-р зүйл “Орон нутгийн төсөвт иргэд, олон нийтийн оролцоог хангах”, 2. Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, 3. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, 4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14-р зүйл “Үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд тавих хяналт”, 5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50-р зүйл “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл”, 6. Хот байгуулалтын тухай хуулийн 16-р зүйл “Шинэ хороолол, бичил хорооллын төлөвлөлт, байгуулалт”, 7. Мал хамгаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4-р зүйл “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх”, 8. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт, 9. Амьтны тухай хуулийн хэрэгжилт гэх мэт. Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа зөвхөн дээрх тухайлсан хуулийн заалтаар хязгаарлагдахгүй бөгөөд зөвхөн жишээ болгон дурьдсан болохыг анхаарна уу.) үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ иргэдийг оролцуулсан байдлыг доорх шалгууруудад үндэслэн дүгнэнэ.
- Хуулиар тодорхойлсон өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ иргэдийн саналд үндэслэн, эсхүл иргэдийн саналыг харгалзан нийтийн ашиг сонирхлыг хамгаалан шийдвэр гаргасан байдал,
- Хуулиар тодорхойлсон өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ иргэддээ шаардлагатай, ач холбогдолтой, цаг үеэ олсон ямар мэдээллийг тухайлбал, малчдад, залуучуудад, ахмад настанд гэх мэт хэрэгцээт бүлэгт хүртээмжтэй, шуурхай, хялбар байдлаар тогтмол хүргэдэг туршлага
- Хуулиар тодорхойлсон өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангах тухайлбал, санал авах, идэвхтэй зөвлөлдөх, иргэдийн санаачлагыг дэмжих зэрэг хэлбэрийг ашиглаж, бий болгосон туршлага
- Хуулиар тодорхойлсон өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангах шинэлэг арга замыг санаачилж, нэвтрүүлсэн байдал, түүний үр дүн /ингэхдээ үр дүнтэйгээр иргэдийн санал авах, хэлэлцүүлэх арга зам, боломжийг нэвтрүүлсэн эсэх/
- Хуулиар тодорхойлсон өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, шийдвэр гаргахдаа бага рлоготой иргэд, алслагдмал нутгийн иргэд, залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоонд тулгуурлан, эдгээр бүлгийн ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргасан байдал
- Иргэдээс санаачилсан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж, хамгаалсан санал, санаачилга хуулиар тодорхойлсон өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, ийдвэр гаргах үйл ажиллагаанд тусгагдаж, хэрэгжсэн байдал, эргэж иргэдэд мэдээлсэн эсэх
- Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлсэн байдал /тодорхой жишээн дээр/
Жич: Иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагын өөрсдийн санаачилгаар дундын асуудлаа хамтран шийдвэрлэж, нийтийн ашиг сонирхлын асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүлсэн сайн туршлагыг бодит ажил хэрэг болгосон байдал гэсэн шалгуураар дүгнэнэ.
Уралдаанд ирүүлэх материал нь дээрх бүх шалгуурыг нэгэн зэрэг хангасан байхыг заавал шаардахгүй. Харин ирүүлсэн материалаа тодорхой жишээ, баримтаар дэлгэрэнгүй тайлбарласан байвал зохино.
Найм. Шагнал
Нийт шагналын сан 49 сая төгрөг.
Аймаг, дүүрэг тус бүр:
1-р байр: 3 сая төгрөг
2-р байр: 2 сая төгрөг
3-р байр: 1 сая төгрөг
Хороо:
1-р байр: 5 сая төгрөг
2-р байр:4 сая төгрөг
3-р байр:3 сая төгрөг
4-р байр:2 сая төгрөг
5-р байр:1 сая төгрөг
Сум:
1-р байр: 4 сая төгрөг
2-р байр: 3 сая төгрөг
3-р байр: 2 сая төгрөг
4-10-р байр тус бүр: 1 сая төгрөг
Иргэд, иргэний нийгмийн байгууллага:
1-р байр: 3 сая төгрөг
2-р байр: 2 сая төгрөг
3-р байр: 1 сая төгрөг
No comments:
Post a Comment