Нийслэл хүрээний сонин бичиг нь 1915 оны 9 дүгээр сарын 1-нээс Хиагт дахь Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ байгуулагдсаны дараа нийслэл Хүрээнд гарч эхэлсэн долоо хоног тутмын энэ сонин урьд гарч байгаад гэнэт тасалдсан Шинэ толь хэмээх бичиг-ийн уламжлалыг залган авсан хэвлэл юм. Энэ сониныг Шинэ толь хэмээх бичиг-ийг гаргах үед Хаант Монголын Гадаад яам, Оросын консулын хооронд байгуулсан гэрээний дагуу Хаант Оросын төлөөний сайдын хэвлэлийн баазад түшиглэн гаргаж байсан боловч автономит Монголын аль нэг байгууллагын хэвлэл биш, улс орны гадаад, дотоод байдал, нийгэм-улс төрийн асуудлыг голлон нийтэлдэг, бие даасан, өөрийн бодол санаатай, баримталсан тодорхой байр суурьтай, улс төрийн чиглэлтэй сонин байв. Сонинд Монгол орны аж ахуй, эдийн засаг, соёлын асуудал, урлаг-утга зохиол, ёс суртахууны зэрэг асуудлыг тогтмол тусгадаг байснаараа улс орны дотоод амьдралыг харуулах хувьдаа Шинэ толь-иос арай өргөн хүрээтэй байжээ.
Сонины эрхлэгчээр нь Д.Бодоо, Ж.Цэвээн нар ажиллаж, мөн сэтгүүлч Д.Бадрахбаатар, Б.Дорж, Д.Ээндэн, Н.Намсрай, Н.Жанцансамбуу, Оросын хувьсгалч М.И.Кучеренко, В.Я.Кондаков нар сонин гаргах ажилд идэвхтэй оролцож байсан нь нийтлэлийг дайчин давшингуй, дэвшилт ардчилсан чиглэлтэй болгоход нөлөөлжээ. Энэ сонин ард түмний эрх ашгийг хамгаалж, Монголын феодалын байгууллын хоцрогдол, ихэс дээдсийн харгис хэрцгий явдлыг хурц шүүмжилж, улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, харийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцэх чиглэлийг баттай барьсан эх оронч дэвшилт ардчилсан хэвлэл (29.130) байв. Сонин улс орны амьдралыг нэлээд сайн тусгаж байсан бөгөөд мэдээ, материалыг төвийн яам газруудад байлгасан өөрийн төлөөлөгчид, Хиагт, Улиастай, Ховд, Вангийн хүрээ зэрэг газарт суулгасан өөрийн байнгын сурвалжлагчдаас, идэвхтэн бичигчдээс, гадаад мэдээг автономитын цахилаан шуудангийн хороогоор дамжуулж авдаг байсан нь өмнөх сонинтой харьцуулахад шинэлэг зүйл байв. Сонины өөр нэг онцлог шинж нь хөдөлмөрчдийн захидал, шүлэг, ёгт үлгэр, ерөөл, магтаал, хошин шог бүтээл, эсэргүүцэл, уран нийтлэл, шүүмжлэлт нийтлэл, орчуулгын бүтээлийг олноор хэвлэж байсны хамт гадаад үзэмж, хэл найруулга сайтай, бичлэгийн олон төрөл, зүйлийг чадамгай ашигласан явдал юм. Нийслэл хүрээний сонин бичиг улс орны дотоодын асуудал, Монголын нийгэм-улс төрийн амьдралыг бүхэлд нь үнэн зөв тусгаж, бас шинжлэх ухааны болоод гэгээрүүлэх чиглэлийн материалыг өргөн нийтэлж байжээ. Өнөөгийн сэтгүүл зүйн зарчмын үүднээс авч үзвэл Нийслэл хүрээний сонин бичиг нь тухайн нийгмийн алдаа дутагдлыг хайр найргүй шүүмжилж, хэв ёсыг сахиулдаг хоточ нохой-н үүргээ сайн биелүүлдэг, зарчмын чухал асуудлаар засгийн газрынхаа эсрэг хүчтэй дуугардаг, харьцангуй чөлөөт нийтлэлтэй сонин байв. Ардын хувьсгалын өмнө гарч байсан сонин хэвлэлүүдийн дотор монголчууд өөрсдийн гараар хийж, хамгийн урт хугацаанд хамгийн олон дугаар гаргасан нь энэхүү Нийслэл хүрээний сонин бичиг байсан бөгөөд үндэсний чөлөөлөх хөдөлгөөний дайчин индэр болж, феодал колоничлогчдын эсрэг хандсан хурц нийтлэлээрээ монголын сэтгүүл зүйн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, тогтмол хэвлэлийн шинэ хэв маяг, агуулгыг төлөвшүүлэхэд ач тусаа үзүүлж, сонины дэвшилт ардчилсан эх оронч уламжлалыг үлдээснээрээ томоохон ач холбогдолтой юм. Энэ сонин 1920 оны 1 дүгээр сарын 23-нд хаагдсан бөгөөд 4 жил гаруй хугацаанд нийт 103 дугаар гарсан байна.
No comments:
Post a Comment