Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 9-р сарын 3-ны өдрийн А/821 тоот захирамжийн дагуу нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан 36 хүний бүрэлдэхүүнтэй 2 ажлын хэсэг 9-р сарын 9-20-ны өдрүүдэд шалгалт хийжээ.
Шалгалтад нийт 58 объект хамрагдахаас 53 нь буюу Хүнсний 8, хүнс, барааны холимог 22, Ахуйн үйлчилгээний барааны 8, Барилгын материалын 8, Техникийн 2, Мод, модон материалын 4 зах хамрагдсан байна. Харин Батсервис ХХК-ийн “Орхон”, Ванхүү ХХК-ийн “Далайхүү” худалдааны төвүүд их засвартай, Сутайн буянт ХХК-ийн техникийн зах, Бүрд ХХК-ийн “Бүрд” худалдааны төв, Марс төв ХХК-ийн Марс худалдааны төвүүд хариуцсан эзэд нь байхгүй, гадаад яваа, үзүүлэх бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар шалгалтад хамрагдсангүй.
Шалгалтад хамрагдсан худалдааны төв, захуудын 80 хувь нь барилгын ашиглалт хангалтгүй, батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн, аж ахуйн аргаар баригдсан жижиг барилгуудад үйл ажиллагаа явуулдаг, барилгын хувийн хэрэг, холбогдох баримт бичиг байхгүй, 71 хувь нь түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалаагүй, 66 хувь нь дотоод хяналтын журмыг мөрдөж ажилладаггүй, ихэнхи нь үйлчилгээний технологи урсгал зөрчигдсөн, цэвэрлэгээ хангалтгүй, ажиллагсдын 33.6 % нь эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаггүй, 70 % нь хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн өмсөөгүй, барилгын хийц бүтээцийг галын аюулгүйн шаардлагад нийцүүлэлгүй дур мэдэн өөрчилсөн, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлээгүй, аврах зам гарцыг нарийсгаж өөрчилсөн, хаасан, аваарын гарцуудын байрлал заасан гэрлэн тэмдгүүд байрлуулаагүй, гал унтраах болон дохиоллын систем төлөвлөж хийгдээгүй, ашиглалтын үеийн бэлэн байдал хангагдаагүй, техник үйлчилгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчилтэй байжээ. Хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шийдэх боломжтой зөрчлийг арилгаж, мөнгө торгуулан ногдуулсан байна. Харин иргэн Т.Маряш /Жи Эм Жи ХТ/ “Шинэ-Үйлс” ХХК, иргэн А.Эрдэнэжаргал, А.Эрдэнэбат нар /“Гялгар” модны зах/ газар эзэмших гэрээгээ зөрчин зориулалтыг өөрчилсөн, “Баруун бүс” ХХК-ийн“Энхжин” ХТ,”Сас интернейшнл” ХХК-ийн “Тоса” ХХК, “Барс Импекс” ХХК-ийн “Барс” худалдааны төв эзэмшил газрын хэмжээг өөрчилж, нийтийн эзэмшлийн зам талбайд үйлчилгээ эрхэлсэн, Нарантуул , Өгөөмөр, Мишээл экспо, Жи Эм Жи худалдааны төвүүд “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай” улсын Комиссын акт гаргуулаагүй, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” худалдааны төвүүд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгээгүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Тиймээс ажлын хэсгээс “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай” улсын Комиссын акт гаргуулаагүйгээр үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул”, “Барс-1”, ”Барс-2”, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй "Өгөөмөр", “Мишээл”, “Дүнжингарав” худалдааны төвүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоох, бусад томоохон зөрчилтэй зах худалдааны төвүүдийг зөрчлөө арилгах хүртэл түр хаах тухай захирамж гаргах хүсэлтийг нийслэлийн Засаг дарга болон Удирдлагын зөвлөлийн гишүүдэд гаргалаа гэж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит 10-р сарын 3-ны өдрийн хуралдаанаар томоохон зах, худалдааны төвүүдэд хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулсан юм
Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр Улаанбаатар хотод дүрэм, журмын дагуу аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллаж байгаа худалдаан төв, зах байхгүй гэж хэлсэн юм. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын Комиссын акт гаргаагүй байхад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Нийслэлийн Засаг дарга “Зах бол ашгийн бус байгууллага байх ёстой. Ажилгүй, орлого багатай иргэддээ зориулж газраа эзэмшүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж байгааг зах гэж нэрлэхээс гадна тэд ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж, өмч хөрөнгийг хамгаалах ёстой байдаг юм. Гэтэл өнөөдөр зах, худалдааны төвийн эзэд газрын гэрээгээ эрх мэдэл хэтрүүлэн бусармагаар ашиглаж, зөвхөн ашгийн төлөө ажиллаж байна. Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарахгүй, тэр байтугай мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа мэдэгдэл өгөөд ч тоохгүй байна. Энэ тоомжиргүй үйлдэл явсаар эрдэнэт хүний амь нас эрсдлээ ш дээ. Шалгалт хийдэг ч өнөөх дутагдал, зөрчил хэвээрээ л байдаг. Тиймээс зөрчилтэй байгаа Худалдааны төв, захуудад хугацаатай үүрэг өг. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрөлтэй нь ч биш нийслэлтэй байгуулсан газрын гэрээг хүчингүй болго. Энэ арга хэмжээг авахад нөлөөлсөн ямар ч албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно” гэсэн юм. Зах, худалдааны төвүүдээс илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай нийслэлийн Засаг даргын Захирамж гаргахаар Удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
No comments:
Post a Comment