Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэн төрийн харилцааг төгөлдөржүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гарган, орон нутаг бүрт Иргэний танхим байгуулахаар болсон.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны морин цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан байгуулж байгаа Иргэний танхим баянзүрхчүүддээ зориулан үүд хаалгаа нээлээ.
Хотын зүүн зах наран урган зүгт байрладаг баянзүрхчүүдийн хувьд Баянзүрх-Нэгзүрх төв дээр Иргэний танхим байгуулж байгаа нь цагаа олсон ажил боллоо хэмээн дүүргийн иргэд талархан хүлээн авч байгаа аж.
Баянзүрх-Нэгзүрх төвд үүд хаалгаа нээсэн Иргэний танхим нь нийгэмд тулгамдсан асуудлыг иргэд нийтээр хэлэлцүүлж иргэдийн санал бодол байр суурийг тусгах, хууль, тогтоол шийдвэрийг гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй хяналттай хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэх зорилготой хэмээн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тус танхимын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ онцолсон. Мөн тус танхимын нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хариуцлагатай албан тушаалтнуудаас гадна энгийн иргэд, оршин суугчид оролцож, танхимын нээлт тууз хайчилсан юм. Ингэснээр анх удаа жирийн иргэд төрийг төлөөлж, тууз хайчлах арга хэмжээнд оролцож байна хэмээн өгүүлсэн нь содон байлаа.
Түүнчлэн иргэний танхимын нээлтийн ажиллагааны үеэр энэ сард иргэд нийтээр ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй талаар санал асуулга явуулж иргэдийн зүгээс ирүүлсэн саналын дагуу Иргэний танхимын эхний хэлэлцүүлгийг явуулах юм байна. Энэ ажлын хүрээнд хийх эхний ажлаар иргэдийн дунд санал асуулга явуулсан байна.
Ингэснээр энэ удаагийн иргэдээс хамгийн ихээр ирж, тус танхимаар хамгийн түрүүнд хийлгэх таван ажлын санал гарсан байна. Үүнд, нэгдүгээрт Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оршин сууж ажиллаж, амьдарч байгаа орчингоо зүлэгжүүлэн ногооруулах, хоёрдугаарт дахин төлөвлөлтийн ажлыг хороо бүхэнд хийж, амины орон сууцыг халуун хүйтэн ус, төвийн халаалтын сүлжээнд холбох, гуравдугаарт иргэн бүхэн газраа өмчилж,эзэмших ашиглах боломж нөхцлийг сайжруулах, газрын асуудалтай холбоотой бэрхшээл маргааныг цэгцлэх, дөрөвдүгээр дүүргийн нутаг дэвсгэрийг хогоос бүрэн салгаж, цэвэр цэмцгэр хоггүй дүүрэг бий болгох, тавдугаарт сонгогчдын боловсролыг дээшлүүлэх гэсэн таван багц ажлыг нэн түрүүнд хийхэд иргэд санал нэгтэйгээр нэгдсэн байна.
No comments:
Post a Comment